Кибер тусгаар тогтнол форумын үеэр тавигдсан илтгэлүүдээс үзвэл монголчууд мэйл, сошиал хаягтаа нууц түлхүүр үг зохиохдоо маш ихээр регистрийн дугаар, утасны дугаар, өөрийнхөө нэр, хүүхдийнхээ нэрийг ашигладаг юм байна. Жишээ нь 8 оронтой тоогоор зохиосон нууц үг 1-8 хүртэл цифр байдаг бөгөөд би хакердуулчихлаа, энэ төр юу хийж байна гэж уурладаг байна. Нууц биш нууц түлхүүр үгсийн 47% нь тайлахад нь хялбар, Монгол 99, Mongolia гэх мэт нууц биш нууц үг маш түгээмэл байдаг ажээ. Орчин үед хил дээр буутай цэрэг зогсоогоод, тусгаар тогтнолоо хамгаалдаг цаг ард хоцорсон. Айл өрх, албан газрууд хаалга үүдэндээ мянган цоож өлгөөд нэмэргүй. Дэлхийн нөгөө бөөрнөөс, Заираас Завханы малчны, Бутанаас Булганы адуучны, Уругвайгаас Увсын хүүхний гар утас, ФБ хаяг, банкны данс, ор хөнжил, тархи толгойнд чинь хортой код суулган нэвтэрч, өмнөөс нь мөнгө шилжүүлж, өмнөөс чинь үг хэлдэг. Урт гартнуудын гар ухаанд багтамгүй урт болж, хуруугаа сунгахгүй товшоод л хулгай, залилангаа хийдэг болсон. 2018 онд цахим гэмт хэрэг нийт гэмт хэргийн 1,8 хувь байсан бол 2022 онд 25 хувь болж огцом өссөн байна. 1 хүн хакердуулахад дагаад 8000 хүн хохирдог. Цахим мөрийтэй тоглоом явуулдаг иргэн Э гэгч 1 хүн 9500 гар утасны дугаартай, 101 данстай байсан нь илэрчээ.
Цусаараа олсон тусгаар тогтнолыг утсаар алдаж болохгүй. 16 тэмдэгт орсон, үсэг, тоо, тусгай тэмдэгт хольсон паспортыг тайлахад ямар ч компьютер, дэлхий сөнөөд ахиад үүсэх 4 тэрбум жил хэрэгтэй. Харин дан тоо, Монгол 99 гэх мэтийн паспортыг бол нүд цавчих зуур мянга мянгаар нь тайлна. Амазон худалдааны сайтаас 25 доллар төлөөд авах программаар цагийн дотор хэдэн мянгаар нь тайлж чадна. Манай хойд урд хөрш, хойд Солонгос, Энэтхэгээс алдартай хорон хакерын бүлгүүд халддаг. Монголд өдөрт 40-50 мянган халдлага ирдэг. Дийлэнх нь trojan төрлийн хортой код суулгах арга мэх ашигладаг. Элдэв төрлийн үл мэдэгдэх мэйл, линк дарахад л Та хулгайлагдсан. Таны хувийн эмзэг нууц, мөнгө төгрөг, өвчний түүх гэх мэтийг уншаад төөрүүлээд хуулаад зараад шантаажлах гээд сууж байдаг гэсэн үг.
Хилийн цэрэг, цэвэр ус, эрчим хүч, банк санхүү, эмнэлэг, төрийн болон хүчний байгууллагад бол онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй учир Үндэсний төвөөс хамгаалж хариу үзүүлдэг. Харин иргэд, компаниудыг Кибер аюулгүй байдлын зөвлөлийн дэр төр хувийн хэвшлийн түншлэлээр мэргэшсэн мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн хамтын хүчээр хамгаалах, зөвлөх, хариу арга хэмжээ авч ажиллана. Ухаалаг технологийн эрэнд цоожгүй хаалга дэлгэчхээд, хамаг бүхнээ 24 цагаар онгойлгож хаячихдаггүй ухаалаг хүн байх нь нууц үгээ 6 сар тутамд солих, олон тэмдэгт, тоо, үсэг хольж бүтээхээс эхэлнэ.
АДМИН








Нийгэм




