Боодгийн бидон, саарал фургон, модон жорлон гурав бол Монголын аялал жуулчлалын гурван гол хэрэгсэл. Газар газрын аялагч жуулчдыг урин дуудах хүчин зүйлс бол нүүдэлчдийн өв соёл, хангай, говь, тал хосолсон уудам нутаг, үндэсний онцгой чанар, өнө эртний үүх түүх билээ.
Энэ онд эдийн засагт аялал жуулчлалаас 1,2 тэрбум долларын орлого орсон нь түүхэн амжилт боллоо. Хөтөч, фургоны жолооч, морь тэмээгээ унуулсан малчид, хорхог хуушуурын тогооч нар, буурчийн газрууд, замын гуанзнууд, баар ресторануудын вон, доллар, валют еврогоор авсан ашиг орлого, цалин хөлс юм. Аялал жуулчлалын орлого 400 орчим ажил мэргэжлийнхэнд хүрдэг, 1 доллар 8 доллар болж үрждэг гэдэг судалгаа бий. Өнгөтэй зүстэй, үндэсний онцлогтой, олон төрлийн бараа бүтээгдэхүүн Монголдоо үйлдвэрлэдэг болж чадвал илүү их доллар энд үлдээж чадна.
МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутнууд санаачилгаараа жуулчид Монголоос хамгийн ихээр ямар бараа авч буцдагийг судалжээ. Жуулчны хөтөч нар, татваргүй барааны болон их дэлгүүрүүдийн менежер, худалдагч гэсэн гурван бүлгийн 760 хүн хамарсан судалгаа явуулж, 1917 хариулт хүлээн авсан байна. Бид сурч мэдэж буйгаа бататган, судалж шинжилж байгаа оюутнуудын идэвх санаачилгыг дэмжиж, судалгааных нь үр дүнгээс товч танилцуулж байна.
Жуулчид ноолууран бүтээгдэхүүн авах нь элбэг. Гагцхүү бэл бэнчин шаарддаг, цаг улирлын чанартай бүтээгдэхүүн учраас мэдээж бүгдээрээ сонгодоггүй. Бэлэг дурсгалаас арьсан эдлэл илүүтэй борлогджээ. Амттан шимттэнээс бол Голден гоби шоколад жуулчдын хамгийн амттай сонголт болдог юм байна. Ойлгомжтой, сонирхолтой оноосон нэртэй, өнгө үзэмжтэй, үндэсний өнгө төрхтэй, дэлхийд алдартай бельги жор, технологиор үйлдвэрлэдэг нь их юм үзсэн, элдэвт нүд тайлсан жуулчдад таалагдах гол хөшүүрэг нь болдог юм байна. Нарийн амт мэддэг, хэрсүү айхтар жуулчдад энд тэндгүй байдаг импортын бэлэн шоколад огтоос сонин биш. Алтан говиор аялсан амттай дурсамжийг нь сануулж амтлуулах жинхэнэ шоколад тэдэнд илүү сонин. Жуулчид богц тээшиндээ Голден гобигоос гадна цагаан архи, хорхой ааруул, хатаасан аарц, аарцан үрэл гэх мэт найз нөхдөдөө амсуулж сонирхуулахаар авдаг юм байна.
Аялал жуулчлалын ашиг орлогыг өсгөхөд гэвэл олон төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгцээ шаардлага их байгааг оюутнуудын хийсэн судалгаа нотолж байна.
АДМИН








Нийгэм




