Хууль зүй, дотоод хэргийн яамнаас санаачлан Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороотой хамтран “Захиргааны хэм хэмжээний актын хуульд нийцсэн байдал, хоорондын уялдаа, давхардал, зөрчлийг арилгах асуудал” хэлэлцүүлгийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгууллаа.Хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо нээж, захиргааны хэм хэмжээний актын хуульд нийцсэн байдал, хоорондын уялдаа, давхардал, зөрчлийг арилгах асуудлыг судлан танилцуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдан ажиллаж байгаа талаар танилцуулав. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас захиргааны хэм хэмжээний актыг боловсронгуй болгох, хэм хэмжээний актаар зохицуулж буй журмуудыг салбарын хуульд нь тусган зохицуулах чиглэлээр шинэчлэл хийх бодлого барьж байгаа талаар дурдаад энэхүү ажилд Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороотой идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
Хэлэлцүүлгийн нээлтэд Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл үг хэлж “Захиргааны хэм хэмжээний актын хувьд зайлшгүй реформ хийх шаардлагатай болсон. Ингэхдээ Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх үүднээс цаашдаа салбарын хуулиудад захиргааны хэм хэмжээний актуудыг тодорхой арга зүй, үе шаттайгаар шилжүүлэн хуульчлах ёстой болж байгаа” талаар дурдав.
Мөн “Захиргааны хэм хэмжээний акт: Концепцийн өөрчлөлт” сэдвээр Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэхүү хэлэлцүүлэгт оролцсон хуульч, судлаачдаас цаашид захиргааны хэм хэмжээний акт батлах талаар хуулиар эрх шилжүүлэх асуудал маш хязгаарлагдмал хүрээнд хэрэгжих ёстой, захиргааны хэм хэмжээгээр зохицуулагдаж буй журмуудыг салбарын хуулиудад шилжүүлэх ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд тодорхой бүтэц, хүний нөөц, цаг хугацаа шаардагдана, удирдлагын болон менежментийн шинжлэх ухааны тодорхой аргачлалуудыг хэрэглэх боломжийг судлах нь зүйтэй гэх мэт тодорхой саналуудыг гаргалаа.
АДМИН








Нийгэм




