АТГ болон бусад холбогдох байгууллагуудын мөрдөн шалгах үйл ажиллагаанд саад учруулах эрсдэлтэй гэх шалтгаанаар жил гаруй хугацаанд хойшлогдсон нүүрсний сонсголын тов гарсан.
Уг сонсголыг зохион байгуулах түр хорооны даргаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ажиллаж байгаа. Тэрээр нүүрсний сонсголыг хоёр удаа хийнэ гэдгээ олон нийтэд зарласан. Тодруулбал, Эхний сонсголыг ирэх ирэх сарын буюу арванхоёрдугаар сарын 4-8, хоёр дахь сонсголыг мөн тус сарын 8-22-ны өдрүүдэд хийхээр төлөвлөж байгаа аж.
Нүүрсний сонсгол болох гэж буйтай холбогдуулан манай сайтын редакци Нүүрсний бизнестэй УИХ-ын гишүүдийн мэдээллийг баримтаар дэлгэж байна. Мөнгө мөрөө үлдээдэг. Тэд Монголын баялагт хэрхэн гараа дүрж, халаасаа түнтийлгэснийг цувралаар хүргэнэ.
Нэг биш нижгээд орд газрын ард суугаа нууц ноёнтон бол 2008 оноос хойш УИХ-ын гишүүний зөөлөн сандлаас буугаагүй Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн. Тарваганы арьснаас эхэлсэн түүний бизнесийн түүх юу вэ? Улаанбаатар хотын төв, үнэ цэнтэй газарт сүндэрлэсэн “Хурд”, Хүннү”, “Рапид харш”, “Апартмент кей эйч”, “Нарны хороолол” зэрэг хотхон, хорооллууд, “Новотел” зэрэг үйлчилгээний барилгууд, тусгай хамгаалалтай бүсэд баригдаж буй тансаг зэрэглэлийн хотхон гээд бүгдийг нь түр орхиод зөвхөн уул уурхайн бизнесийн хэсгийг энд онцолъё.
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ОХУ-д оюутан байхдаа тарваганы арьс зарж, олсон мөнгөөрөө Орост хоёр, Монголд нэг компани байгуулсан. Орос дахь компаниудаа 2009 онд зарж, Монгол дахь барилгын бизнесээ өргөжүүлэхийн сацуу, уул уурхайн бизнест хөл тавьсан гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, Орос дахь компаниа зараад, тэр мөнгөөрөө Монголд байгуулсан компани нь Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Тост, тосон бумбын нуруунд гүүрсний орд эзэмшдэг "Сауд гоби коал транс" ХХК. Гэвч Тост, тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авснаар уг лиценз нь цуцлагдсан.
Харин өдгөө түүний төрсөн дүү Б.Балборжийн "Си Өү Эй Эл" ХХК нь Дорноговь аймгийн Хөвсгөл, Мандах сумын нутагт орших MV-016865 дугаартай "Дорноговь-4" талбай буюу "Айл баян"-гийн нүүрсний уурхайг эзэмшдэг.


Нээлттэй мэдээллийн санд буюу цаасан дээр "Айл баян" нүүрсний уурхайг түүний төрсөн дүү Б.Балдорж эзэмшиж байгаа ч жинхэнэ эзэн нь Б.Чойжилсүрэн гэх хардлага бий. Үүний учир нь уг нүүрсний уурхайн олборлолт, тээвэрлэлтийг Б.Чойжилсүрэнгийн гэргий Д.Энхгэрэлийн компани хариуцдаг.
Тодруулбал, Д.Энхгэрэлийн "Хурд транс", "Хурд авто" компаниуд Ханги мандал боомтоор "Айл баян" уурхайн нүүрсийг БНХАУ-руу тээвэрлэдэг. Мөн "Хурд транс" ХХК нь Гашуун сухайт боомтоор 30 автомашинаар нүүрс тээвэрлэдэг аж.
Түүнчлэн Б.Чойжилсүрэнгийн дүү Б.Балдоржийн "Олон ихт баян" ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутгийн заагт XV-020816 дугаартай, 1902.92га талбай бүхий "ХУДАГТ" ордыг эзэмшдэг.


Харин "Нонферрос метал майнин" ХХК нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутагт MV-017373 дугаартай 1931.06 га талбай бүхий "Салхитын бор толгой", MV-017524 дугаартай 477.4 га талбай бүхий "Өгөөмөр толгой" ордыг тус тус эзэмшдэг ажээ.

АДМИН








Нийгэм




