Зэвсэгт хүчний 0326 дугаар ангид цэрэг нас барсан асуудлаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж мэдээлэл өглөө.
Тэрээр: "2023 оны 11 сарын 13-ны 06:21 минутад цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 0326-р цэргийн ангийн байранд хугацаат цэргийн алба хааж байсан "Д" гэгч нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэний дагуу мөрдөн байцаах алба, Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын шуурхай албаныхан хойшлуулшгүй ажиллагаа явагдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдээс мэдүүлэг авах, хяналтын камеруудад үзлэг хийх, талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор шүүх эмнэлэгт шинжлэх, ундны ус болон хоол хүнсний дээжид шинжилгээ хийн ажиллаж байна.
2023 оны 11 сарын 12-ны өдөр талийгаач 1-р салааны 25 байлдагчийн хамтаар өглөө босоод биеийн тамирын дасгал хийх, өглөөний цайгаа уух, биеийн тамирын зааландаа бүжгийн бэлтгэл сургуулилт хийх, гадна цас цэвэрлэх, оройн хоолондоо орох, мөн оройн тоондоо хамрагдах гээд тухайн ангийн цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаандаа оролцоод 22:34 минутад амралтын байр лугаа орсон байсан. 11 сарын 13-ны өглөөний бослогыг зарлахад талийгаач орноосоо босоогүй. Очоод шалгахад нас барсан байдалтай байсанд тухайн анги, цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор шүүх эмнэлгээс шинжилгээ хийсэн одоогийн байдлаар шинжээчийн дүгнэлт гараагүй байна.
Цогцост шинжилгээ хийх хугацаа 21 хоног байдаг. Цагдаагийн байгууллага уг дүгнэлтийг 14 хоногийн дотор гаргахыг даалгасан. Гэхдээ шинжилгээний цар хүрээнээс шалтгаалан хоног сунгагдаж магадгүй.
Талийгаачийн ар гэрийнхэн хяналтын камерын бичлэгийг үзэх санал тавьсан. Уг камерын бичлэгийг ар гэрийнхэнд нь өнөөдөр 13:00 цагаас үзүүлэхээр ханган шийдвэрлэлээ" гэв.
АДМИН








Нийгэм




