Dark Light
Нийгэм | 2023-11-17

“Монгол бахархлын өдөр”-т зориулан "Зул Алдар хаан" тууль хайллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 13 дугаар “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлигийн дагуу жил бүрийн Хаврын тэргүүн сар болон Өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр баатарлаг туульс хайлдаг уламжлалтай юм.

Энэ жилийн хувьд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч А.Балдандорж, Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч Э.Баатаржав нар “Зул Алдар хаан” тууль хайллаа. Мөн Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Т.Баясгалан, Монгол Улсын боловсролын их сургуулийн Утга зохиолын тэнхимийн багш, доктор О.Отгонбаатар нар Монгол тууль хайлах зан үйл, туулийн хэлхээ холбоо, уг үндсийн талаар зочдод тайлбарлаж “Монгол туульс нь үндэстний хэл, соёл, түүх, утга зохиол, урлаг, уран сайхны сэтгэлгээний нэг гайхамшигт эх сурвалж болох нь” сэдэвт илтгэл тавив.

Монгол тууль нь Монгол ардын аман билгийн нэн эртний онцгой төрөл бөгөөд туульсын бүтээлүүд нь эртний цадиг шүтлэг, бөө мөргөл, бурхны шашин, домог зүйн болон уран сайхны сэтгэлгээний олон үе давхаргыг хадгалсан байдаг. Үүн дотроо үлгэр, домог, ерөөл, магтаал, зүйр цэцэн үг, цацал мялаалга, бэлгэ дэмбэрлийн үг, дом шившлэг зэрэг аман зохиолын олон төрөл зүйлийг багтаана. Монголчууд эртнээс туулийг хүндлэн дээдэлж, дайн тулаан, ан авд мордох, уул ус тахих зэрэг иргэний болоод төрийн ёслолын үед тууль хайлж ирсэн уламжлалтай.

Тууль хайлах ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, “Чингис хаан” үндэсний музей, Монгол Улсын их сургуулийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим хамтран зохион байгууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19