Цэл залуухан 21 настай хөвгүүн 10-р сарын 20-нд цэрэгт татагдаад 11-р сарын 13-нд 24 дэх хоног дээрээ нас барсанд олон түмэн эмгэнэн цочирдож байна. Эмч нарын комисс үзэж шалгаад, өвчингүй хуучгүй байна гэж цэрэгт татаж авч явчихаад, 24 өдрийн дараа унтаад сэрсэнгүй ээ гэх нь өөрөө эрүүл саруул үзэгдэл мөн үү?
Багадаа 14 хоногийн дараа дүгнэлт нь гарах хууль, журамтай задлан шинжилгээ эцэслэх нь бүү хэл эхэлж байхад Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр яаж мэдээд, “Гадны нөлөөгүй” гэж уй гашууд автсан эцэгт нь хэлж арьсаа хамгаалсан бэ? Зөнч Ванга эмгэний ориг сүнс зөвхөн Монгол генералын биед шүглэсэн байсан ч шүүх шинжилгээ, эд мөрийн баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, камеруудын бичлэгийг тал бүрээс мөрдөн шалгаж дуусахаас өмнө юу болсныг түрүүлж лүндэгнэх эрхгүй.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Сүүлийн 2 жилд цэрэг амиа алддаг асуудлыг таслан зогсоосон” гэж барин тавин мэлзсэн. Тэгвэл сүүлийн 2 жилд цэрэг амиа алдсан эмгэнэлт баримтуудыг эргүүлэн сануулъя.
Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид 5 сарын өмнө 2023 оны 6-р сарын 22-нд 19 настай Б цэрэгт татагдаж очоод ердөө 3 дахь хоногтоо нас барсан. Гучин хэмийн халуунд гүйлгэсэн. Аагим халуун байсан ч амьсгаа нь задарсан, аялал, дугуйн тэмцээнд ордог хүүгээ бахардаад зүрх нь зогссон гэдэгтэй аав нь огт санал нийлэхгүй байгаа юм. Мохоо зүйлийн улмаас үүссэн шарх сорви толгойд нь үлдсэн байсныг хэлж байна. Ходоод нь өлөн атлаа, архи илэрсэн ч гэх шиг. Хугацаат цэргийн албан хаагч өлөн хоосон атлаа архи уусан байсан ч гэх шиг. Хэрэг шийдэгдээгүй байна.
Одоогоос 2 жилийн өмнө, 2021 оны 3-р сарын 28-нд мөн л 21 настай байлдагч Б, мөн л зэвсэгт хүчний зенит пуужингийн 326-р ангид даргадаа зодуулж амь хохирсон. Салаан дарга Д.Гялбуужамц согтуугаар цэргээ алсан.
2022 оны 7-р сар Өмнөговь аймаг дахь 167-р ангийн цэрэг өндөр барилгаас унаж, 2022 оны 8-р сарын 1, 065-р ангийн дэд ахлагч 22 настай З тогонд цохиулж,
Дорнод аймаг дахь 327-р ангид 21 настай Х усанд живж
2023 оны 2-р сарын 27, 311-р ангийн байлдагч Б аваарын шатнаас өөрийгөө боомилсон гэх шалтгаанаар амиа алдсан.
Г.Сайханбаярыг сайд болсноос хойш 10 цэрэг амиа алдсан. Энэ бол орчин үеийнхээр бол тасаг цэрэг, уламжлалт бүтцээр бүхэл нэг аравт цэрэг. Он гарсаар 6 цэрэг дарийн утаа ханхалсан дайны талбарт биш инээд хөөр ундарсан энх цагт хорвоог орхисон. Энх цагт эр цэрэгт мордсон хүүгээ эргээд гэртээ ирнэ гэдэг баталгаа эцэг эхчүүдэд алга. Энэ бол Сайханбаяр биш муухай хэрэг, энэ бол Сайханбаяр биш Монголын эмгэнэл.
АДМИН








Нийгэм





