Монголын Оюутны холбооны удирдлагыг БХЯ, ЗХЖШ-ын удирдлагын бүрэлдэхүүн хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын Оюутны холбоог төлөөлж, дэд ерөнхийлөгч Э.Дөлгөөн, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Мягмарсүх тэргүүтэй гишүүд, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.
Талууд эх орноо батлан хамгаалах хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүрэг болон оюутнуудын цэргийн алба хаахтай холбоотой асуудлын талаар харилцан санал солилцож, байр сууриа илэрхийллээ.

МОХ-ны төлөөлөл оюутнуудын цэргийн алба хаахтай холбоотой хүндрэл бэрхшээл, тулгамддаг асуудлын талаар хөндөж, эдгээр асуудалд уян хатан хандаж, тодорхой зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж байгаагаа уламжилсан.
Батлан хамгаалахын сайдын тушаалаар цэргийн албанд татах, цэргийн алба хаахтай холбоотой дүрэм, журам, холбогдох эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажлаа шуурхай эхлүүлээд байгаа билээ. Энэхүү ажлын хэсэгт оюутнуудын төлөөллийн саналыг тусгаж, тодорхой асуудлуудад хамтран ажиллахаар талууд тохиролцов. Түүнчлэн “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын тоо их байдаг тул цаашид энэ боломжийг илүү өргөн хүрээтэй болгох хүсэлтээ уламжилсан.

ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба Зэвсэгт хүчний эгнээнээсээ нэг дайчнаа цаг бусаар алдсандаа бид бүхэн харамсан эмгэнэж байна гэдгээ илэрхийллээ.
Түүнчлэн ЗХЖШ-ын зүгээс Монголын Оюутны холбоотой хамтарч ажиллаж ирсэн туршлага бий, цаашид ч хамтарч ажиллахад нээлттэй гэдгээ хэлж, оюутан залуусынхаа дуу хоолой, төлөөлөл нь болсон залуустаа талархал илэрхийлээд хугацаат цэргийн алба хаасан оюутнууд болон албаа хааж байх хугацаандаа их, дээд сургуулиа төгссөн залуучуудыг алдаршуулах, үе тэнгийнхэнд нь үлгэр дуурайл болгох талаар хамтран ажиллахыг залууст уриалж, эх орондоо хэрэгцээтэй, чадварлаг мэргэжилтэн болохыг захин сурлагын амжилт хүслээ.
АДМИН








Нийгэм




