Дэл сул юм байвал дэлсэж орхидог нь урт гарт монгол хулгайчийн гэм биш зан. Тавагтай идээ чихрээс хүртэхдээ ч өөрийн эрхгүй дунд, долоовроороо хавчиж авах нь хурууныхаа хээг үлдээхээс болгоомжлох хулгайчийн сурсан арга. Ичих нь амьтнаас ялгарах хүний шинж. “Их наяд” төвийн лангуунуудаас хулгай хийгээд баригдсан гурван хулгайч эмэгтэйд ийм шинж алга уу, эсвэл бантсандаа ингэж цайв уу? Охин гэмээр шахуу цэл залуухан бүсгүй “Угаасаа хулгай хийчихсэн юм чинь юундаа ичих вэ дээ” гэж ичгүүртэйгээр ичээгүй дүр эсгэв. Бүлгийн толгойлогч бололтой, бүрх түмпэн малгайт бүсгүй хулгайч биш хуулийн сургуулийн профессор мэт ял шийтгэлийн талаар яс нарийн номлож, өөртөө цагдаа, өөртөө прокурор, өөрөө шүүх мэт аяглаж байна. 7-30 хоног баривчлах заалттай ч нэн ядуу, өрх толгойлсон учир 250 мянгаар торгоод гаргадаг, цагдаа нь ирээд наад бичлэгийг нь устгачихаас хойш, Монгол даяар…гэж ирээд үгсэн тохиролцоод, өчиггүй мултрахыг оролдож байна. Ичих нь хүний шинж. Хулгайг өөгшүүлсэн, хулгайчийг өрөвдсөн нийгэм өөдлөхгүй. Баас их бага ч өмхий. Өрөм хулгайлсан хусмыг нь дэлссэн ч хулгай бол бол хулгай. Эдэн шиг болохгүй юм шүү гэж их гарын хулгайч нарыг илчлэн шоолдог, шүүн дэнслэхийг шаарддаг. Ишиг хурга л хулуусан юм зайлуул, өрх толгойлсон хүн өөдгүй мууг өдүүлж болно гэж өвдөн өөгшүүлэх аваас өнөөдрөө ирээдүйтэй нь нэгмөсөн хулгайд алдана. Хулгайг мэдсээр байж дуугүй өнгөрч байгаа бол Та ч гэсэн хулгайч.
Нийгэм | 2023-11-26
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




