Dark Light
Нийгэм | 2023-12-25

Нүүрсний сонсголын шог явдлууд, шок баримтууд

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

40 их наядаас 440 их наяд болж босоод хэвтсэн тоо

17 чингэлэг спирт, 17 нүүрсчин гэх зэргээр хүн байсан бол “Одоо больё оо” гэж уйлмаар болсон 17-гийн тооны халааг 4 гэдэг цифр авлаа. Нүүрсний хулгай 44 их наяд гэдэг тооноос эхлээд 440 их наяд болж 10 дахин үсэрч хөөсрөөд, эцэст нь интернэтээс үзсэн төдий болж хувирлаа. Босоо Ганбаа гишүүн 40 их наядыг 440 их наяд хүртэл нь босгоод, интернэтээс үзсэнээ хүлээж суугаа Ганбаа болж суудал дээрээ унтаад, улмаар хэвтээ Ганбаа боллоо. Улс төрчдийн ард түмнийг цочоож, бие биенээ намнах, толгой тархинд бүү хэл тооны машинд багтахгүй том том тоонууд сүржин зарлагдаад даржин дуусаж байна. С.Ганбаатар эх орноо босоогоороо  хуу хайрлахын хамт эхнэр Б.Тунгалаг нь нь 7 жилийн туршид 22 тэрбумаар эх орныхоо хөрсийг хуулаад хаясан байна. 

Б.Энхбаяр шинжээчдийн дүгнэлтийг шүүмжилж болохгүй гэж 5 өдрийн турш давтаж, гишүүд, гэрчүүдийн микрофоныг хаасан боловч илтэд бүдүүлэг алдаа нэг бус гарлаа. Тухайлбал, нүүрс баяжуулах үйлдвэр барьж байгаа “Админерал” компанийн регистрийн дугаарыг буруу оруулж, хүсэлт тавиад НДШ төлдөггүй гэж зарласан. НДШ-т 423  сая, татварт 6 тэрбум төгрөг төлсөн компанийг нэр устай нь тулгахгүй, 4-өөр төгссөн РД-ыг нь 7-той андуурснаар улс орон даяар юу ч төлөөгүй мэтээр зарлав. Хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэрт хувийн хөрөнгөө оруулагчид хэн хэдэн төгрөг оруулж дүн тооцоо нийлснийг 30 сая доллар бэлнээр авсан гэж Хууль зүйн сайд итгэл төгс зарлатал өөдөөс нь ингэж хариулж орхилоо.  

Хамаарал гэдэг юм хамаагүй болоод байна. Үүнээс хойш түүнээс цааш нэг аймгийн хүмүүс, нутгийн зөвлөлийнхөн, нэг яслийн андууд, нэг цэцэцрлэгийн горшоонкны нөхөд насан туршдаа наалдан пад болох юм байна. Хажуу айлын хүргэний ангийнх нь хүүхдийн эхнэрийн дүүгийн нутгийн эгчийн нууц амрагтай ч Та хамааралтай. Эрдэнэставантолгойн 1072 хувьцаа эзэмшигч хэн бүхэн, Монгол Улсын иргэн болгонтой хамааралтай. Хамааралтай болохгүйн тулд аль нэг аймагт төрж өсөхгүй байх, ямар ч ангид биш бие даан сурах, ганц хүнтэй компани байгуулж гав ганцаараа ажиллах, хамаатангүй хүнтэй гэрлэх зэрэг арга замуудыг ашиглахыг зөвлөж байна.  

Өндөр Б.Энхбаяр Өнөрөө сэтгүүлч хоёрын тулаан ордон, шорон дамнан, нүүрсний сонсгол дээр хүртэл нүдэлдэж байна. Боловсролын зээлийн сангаас  2007 онд 32 мянган долларын зээл аваад сураагүй, сураагүй дээрээ мөнгөөр нь төлөөгүй, БШУ-ны сайд Ц.Цогзолмаагийн 2018 оны тушаалаар тэглүүлсэн талаар дэлгэсэн Н.Өнөрцэцэг шоронгоос "Энхбаяр аа намайг энэ шоронгоос гаргачих, би сэтгүүлч хийхээ больё оо" гэсэн бол Б.Энхбаяр ордноос ийнхүү хариуг нь өглөө. 

Төрийн шоронд суугаа Б.Ганхуягийг төрийн ордонд 2 дахь удаа дуудсан боловч шүүх зөвшөөрсөнгүй.Төрийн шорон, төрийн ордон хоёр ойртсоор байгаа боловч Б.Ганхуягийн хувьд холдсоор байна. Б.Ганхуяг шоронгоос ордонд хаягласан ч сошл дээр буусан захиа бичсээр байгаа юм.

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн өөрийнх нь статистик, өгөгдөл хамгийн ихээр анхаарал татлаа. Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалан нүүрс тээврийн хамгийн олон буюу 8 компанитай. Б.Батдаваа нь алдарт гаалийн Баатарын төрсөн хүү бөгөөд өөрөө биш гэхийн хамт өөрөө төрсний гэрчилгээ баримт гэх мэтийг нь бүү үзүүлээч бас өөрөө хүссэн юм байна. 

Нүглээс айдаг хөгшин ээж минь

Нүүрс үүрээд шөнөөр ирлээ 

гэдэг дуутай ч нүүрс тээвэрт хөгшин ээжүүд биш залуу дунд насны бүсгүйчүүд аатай бяртай байна. Статистикаа дэлгүүлсэн статистикийн  даргын эхнэр нүүрс тээврийн нэг биш 8 компанаараа толгой цохиж, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн 5 компанаараа түрүү үзүүр булаалдан, тормолзон торолзлоо. А.Адъяасүрэнгээс авлига авсан АТҮТ-ийн ажилтан шүүхэд очсон бол авлига өгсөн гэх А.Адъяасүрэн нь хууль шүүхийн заалад биш хууль тогтох УИХ-ын танхимд суусаар байсан ч яллагдагчаар татагдсан байна. С зөвшөөрөл өгсөн АТҮТ-ийн хурган дарга банкнаас биш, банк бусаас ч биш яг А.Адъяасүрэнгийн эгч А.Аюушаас 100 мянган долларын зээл аваад таарчихсан юм байна.   

“Тавантолгойн төмөр зам” компанийн захирал Н.Удаанжаргал удаан зовлон болсоор байна. Улс улс дамжин, 8 орон, гурван тивийн хооронд нисэн буудаг усны шувуу болсон Н.Удаанжаргал ирвэл зовлонгийн түргэн нь, жаргалын удаан нь гэдэг үг биелнэ.

Бодлогын улс төр болж төлөвшөөгүй, бодохоосоо илүү ярьдаг улс төрчид “Бодь”-ийн Баясгаланд бодио хөтлүүлсэн баясгалантай сонсгол болж хувирлаа. Гашуунсухайтын төмөр замыг барьсан “Бодь интернэйшнл”-ийн Д.Баясгалан мөнгө санхүү, төсөл, төлөвлөгөөний талаар гишүүдэд хичээл заагаад гараад явчихлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19