Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Төрийн өндөр дээд цол хүртсэн эрхмүүдийн сэтгэгдлийг сонслоо.
Л.Юра: Хүнсний хувьсгалыг хийхийн төлөө хамтдаа зүтгэе
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Юра: Бид өнтэй сайхан нэгэн оныг угтах гэж байна. Монгол нутаг орон минь энэ жил их өнгөлөг сайхан байна. Сайхан жил болж өнгөрлөө. Энэ сайхан жилд хөдөлмөрөө үнэлүүллээ. 40 жилийнхээ хөдөлмөрийг үнэлүүлсэндээ их баяртай байна. Ялангуяа бидний хөдөлмөр бүтээлийг үнэлж, энэ өндөр шагналыг хүртэхэд хүчин зүтгэсэн хамт олондоо, Завханчууд, хэрэглэгчдэдээ, Монгол Улсын Ерөнхийлөгч, ард түмэндээ, та бүгдэд баярлалаа. Бүгдэд нь эрүүл энх, саруул сайхан, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Хүнсний хувьсгалыг хийхийн төлөө хамтдаа зүтгэе. Үүнд нь түүчээлэн оролцох болно оо. Түүчээлэн ажиллана гэсэн бодолтой байна. Өнөөдөр шагнал хүртсэн бүх хүмүүстээ баяр хүргэе.
Л.Энхрийлэн: Монголын эмэгтэй анхны олимпын аварга болохоор зорьж байгаа
Монгол Улсын гавьяат тамирчин Л.Энхрийлэн: Маш их баяртай байна. Яг тулаад ирэхээр маш их сандардаг юм байна. Төрийн дээд өндөр шагнал авлаа. Цаашид улам хичээх болно. ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ баг, Үндэсний шигшээ багийн багш нартаа, бэлтгэлээ цуг хийдэг тамирчид, найзууд, ах эгч нартаа, гэр бүлдээ эмээдээ, ээждээ, Шийрэв багшдаа баярлалаа. Миний өдий зэрэгтэй яваа та бүхний минь ач. Би өдийг хүртэл ганцаараа зүтгээгүй. Бүгд та бүгдийн минь ач шүү. Олимпын бэлтгэлдээ орсон. Монголын эмэгтэй анхны олимпын аварга болохоор зорьж байгаа. Чадах бүхнээ дайчлах болно.
2011 оноос хойш энэ спортоор хичээллэж байна. Маш их бэртэл, гэмтэл авсан. Хагалгаанд орсон. Маш их зүйлийг даван туулж байна. Нийт 12 жилийг зарцуулжээ. Тууштай бэлтгэл сургуулилтаа хийж, цуцахгүй шантрахгүйгээр тууштай явж чадвал амжилт ойрхон байдаг шүү гэж дүү нартаа зөвлөмөөр байна.
Т.Тулга: Маш хүндтэй шагналыг маш залуугаараа 25 насандаа хүртлээ
Монгол Улсын гавьяат тамирчин Т.Тулга: Энэ өдөр төрийн дээд шагнал болох Гавьяат тамирчин цол тэмдгээр энгэрээ цооллоо. Юуны өмнө энэхэн биеийг минь төрүүлж өсгөсөн ижий аавдаа маш их баярлаж байна. Гарыг минь ганзганд хөлийг минь дөрөөнд хүргэсэн ачит багш нартаа маш их баярлалаа. Чөлөөт бөхийн төлөө 60 жилийн турш зүтгэсэн үе үеийн ахмад тамирчид болон үе үеийн чөлөөт бөхийн тамирчдадаа бүгдэд нь маш их баярлалаа. Төр, ард түмнийхээ хүндэтгэлийг хүлээсэн Гавьяат тамирчин цол тэмдэг авсандаа маш их баярлаж байна. 2024 оны Парисын олимпдоо маш сайн сахилга баттайгаар оролцохын төлөө, олимпын эрхээ авахын төлөө, амжилттай оролцохоор хичээж байна. Төр, ард түмэндээ маш их баярлалаа гэж хэлье.
Өнгөрсөн нэг дэхь өдөр Гавьяат тамирчин болно гэдгээ мэдсэн. Маш сайхнаар хүлээж авсан. Дотроос нэг л хачин уйлах гээд ч байгаа юм шиг сонин мэдрэмж төрсөн. Ерөнхийлөгчийнхөө зарлигаар цол тэмдэг авна гэдэг маш гоё байдаг юм байна. Маш хүндтэй шагналыг маш залуугаараа 25 насандаа хүртлээ. Энэ нэр хүндтэй шагналыг цаашдаа нэр хүндтэйгээр дааж авч явах болно оо.
Ё.Басхүү: Намайг дэмждэг, жүдо бөхөд хайртай бүх хүмүүстээ баярласан, талархсанаа илэрхийлье
Монгол Улсын гавьяат тамирчин Ё.Басхүү: Төр минь хүндэлж, түмэн олныхоо хайр итгэлээр Монгол Улсын гавьяат тамирчин гэдэг эрхэм цолыг авсандаа маш их баяртай байна. Монгол Улсын гавьяат тамирчин цол авахад Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, үе үеийн багш дасгалжуулагчид, ах эгч нар, дүү нар, ивээн тэтгэгч компаниуддаа, Даян бөхийн дэвжээний тэргүүн Д.Дагвадорж ах, Баян хур компанийн захирал Баянаа ах, Жем интернэйшнл компанийн олон, монголын ард түмэн болон ээж аав минь гээд бүх хүний оролцоо бий. Гэр бүлийнхээ, төр түмнийхээ итгэлийг алдахгүй сайн барилдана гэж амлая. Намайг дэмждэг, жүдо бөхөд хайртай бүх хүмүүстээ баярласан, талархсанаа илэрхийлж байна.
Т.Хулан: Монголын урлаг мандан бадрах болтугай
“Алтан гадас” одон хүртсэн УДЭТ-ын жүжигчин Т.Хулан: Би сая маш олон мэргэжилтэй ахмадуудтайгаа хамт орж, араас нь шагналаа хүртлээ. Юун түрүүнд намайг өдий дайтай өсгөсөн ээж аав, эмээ өвөө, ах эгч, дүү нар, гэр бүлийнхэндээ, ханьдаа баярлалаа. Ээж нь шагналаа авчихлаа. Одоохон гараад очлоо гэж хүүхдүүддээ хэлмээр байна. Гадаа хүлээж байгаа. Намайг энэ шагналд тодорхойлсон УДЭТ-ын хамт олондоо, бүх хамтран ажилладаг хүмүүстээ маш их баярлалаа гэдгээ олонтоо хэлмээр байна. Миний уран бүтээлийг үздэг бүх үзэгчдэдээ баярлалаа. Намайг цаашид улам сайн уран бүтээл хийгээсэй гэж энэ шагналыг өгч байгаа хэмээн ойлгож байна. Тиймээс илүү ихийг бүтээнэ. Монголын урлаг мандан бадрах болтугай. Түүний төлөө маш их хичээж, зүтгэж ажиллах болно.
С.ОТГОНБАЯР
АДМИН







Нийгэм




