Dark Light
Нийгэм | 2023-12-29

Да лам Г.Цэрэнчимэдэд зориулсан дурсгалын зоос гаргажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Дотоод яамны тэргүүн сайд Да лам Г.Цэрэнчимэдийн дурсгалын зоосыг гаргажээ. Богд хаант Монгол Улсыг тунхаглан зарласан түүхэн энэ өдөр Чингис хааны музейд дурсгалын зоосны нээлт боллоо. 

Да лам Г. Цэрэнчимэд нь хуучнаар Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Лүн сумын нутагт 1872 онд төржээ. Тэрбээр 10 наснаас Их хүрээнд шавилан сууж, төвд, манж хэлийг эзэмшиж, Эрдэнэ шанзудбын яамны ахлах бичээчээр ажиллаж байжээ. Улмаар Богд хаант Монгол Улсыг тунхаглан зарласны дараа Дотоод яамны тэргүүн сайдын албыг хашжээ. Да лам Г. Цэрэнчимэд нь монголчуудын тусгаар тогтнолын төлөө манжийн дарлалын эсрэг тууштай тэмцэгч, Богд хаант Монгол Улсыг үүсгэн байгуулагчдын гол удирдагч байв. 

Дурсгалын зоосны нээлтэд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г. Энхтайван, “Чингис хаан” музейн захирал, академич С. Чулуун, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар болон Да лам Г.Цэрэнчимэдийн үр удам, эрдэмтэн, судлаачид оролцсон юм. Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г. Энхтайван, Монгол төрийн тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө гавьяа байгуулсан нэрт зүтгэлтнүүд болон түүхэн үйл явдалд зориулж Монголбанкнаас дурсгалын зоос гаргадаг. Тэдгээр эрхэм хүмүүсийн үйл хэргийг мөнхжүүлэн хойч үедээ өвлүүлэн үлдээхэд энэхүү дурсгалын зоосны утга учир оршиж байдаг. 

Монголбанкнаас 2023 оны 9 сард Ромын пап ламын айлчлалд зориулж, Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайдын яамтай хамтран “Монгол-Итали” дурсгалын ялтсан зоосыг гаргасан бол өнөөдөр тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, Монгол төрийн нэрт зүтгэлтэн Да лам Г. Цэрэнчимэдийн дурсгалын зоосыг гаргаж байна. Мөн Да лам Г.Цэрэнчимэд бол миний тэргүүн өвөө буюу өвөөгийн минь өвөө юм. Энэ эрхэм хүний үр удам болж төрсөндөө бахархаж, нэр төртэй үргэлжлүүлэн авч явахыг бид хичээж байна. Мөн тэргүүн өвөөгийнхөө төрсөн нутаг Төв аймаг байгуулагдсаны 100 жилийн ой тохиолдуулан дурсгалын зоосыг гаргаж байна. Тэргүүн өвөөгийн маань дурсгалыг мөнхжүүлэхийн төлөө хамтран ажилласан Монголбанк, зоосыг гаргахад судалгаа хийж, ерөнхий зургийг гаргасан “Чингис хаан” музейн захирал, академич С. Чулуун болон бусад хүмүүст талархаж байна” гэв. 

Түүний дараа академич С. Чулуун үг хэллээ. Тэрбээр, миний бие хоёр жилийн хугацаанд Да лам Г. Цэрэнчимэдийн талаар судалгаа хийж, түүнийг илэрхийлэх бүхий л зүйлийг зоосонд багтаахыг зорилоо. Нэн тэргүүнд эрхэм хүмүүний хөрөг, Монгол төрийн есөн эрдэнийн чандманьтай хасбуу тамгыг хамтад нь дүрсэллээ. Да лам Г.Цэрэнчимэд нь Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхэд хамгийн их хүчин зүтгэж, хөрш хоёр гүрний ихэс дээдэстэй яриа хэлэлцээр хийж, улмаар гуравдагч улс Японтой харилцаа тогтоохоор оролдож байсан анхны төрийн зүтгэлтэн юм. Богд хаант улсын түшмэд нараас Чингис хааны алтан ургийн биш ганц хүн байв. Тэрбээр авлига авдаггүй, шударга зарчимч гэдгээрээ олонд хүндлэгдсэн, хэлсэн үг нь хууль цааз мэт сонсогдож,бусдыг дагуулдаг Монгол Улсын төдийгүй монгол туургатны удирдагч байв” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19