Dark Light
Нийгэм | 2024-01-09

М.Сайнжаргал: Эхнэр маань “Тэгвэл машинд чинь төрчихлөө дөө” гэсэн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нэгдүгээр сарын 7-ны өдөр жирэмсэн эх таксинд төрсөн тухай мэдээлэл гарсан. Эх, хүүхдийн бие ямар байгаа талаар сурвалжиллаа.

Тухайн үед таксинд төрсөн ээж “Өргөө” амаржих газар буюу бидний ярьж заншсанаар Нэгдүгээр төрөхөд хэвтэж байгаа ажээ. Ингээд “Өргөө” амаржих газрыг зорин очлоо. Ээжийг очиход жижүүрт үүрэг гүйцэтгэж байсан “Өргөө” амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн эмч Э.Болоржаргал ярихдаа “Нэгдүгээр сарын 7-ны өдрийн 14:46 цагт түргэн тусламжийн машинаар манай хүлээн авах тасагт эх, хүүхэд хүргэгдэж ирсэн. Бид тухайн үед яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээг авсан. Эхийн биеийн байдал тогтвортой байгаа” гэв. 

Түүнээс үргэлжлүүлэн тодрууллаа. 

-Өвдөлт эхэлсэн үедээ яагаад түргэн тусламж дуудаагүй юм бол?

-Тухайн ээж ажил хийж байгаад, ажлын байран дээрээсээ төрөлтийн үйл ажиллагаа эхлээд, эмнэлэг рүү ирэх замдаа төрсөн. Төрөлтийн үйл ажиллагаа урд өдрөөс нь эхэлсэн. Түүнийгээ хожуу мэдээд эмнэлэгт хандахаар явж байгаад замдаа төрчихсөн. 

-Хэдэн долоо хоногтой байсан бэ?

-Хугацаа гүйцсэн жирэмсэн. Хоёр дахь төрөлт, 20 настай эмэгтэй. Хяналтдаа сүүлийн нэг сар үзүүлээгүй учраас төрөлтийн хугацааг төлөвлөөгүй байсан. Тэгээд төрөлтийн үйл ажиллагаа эхэлхээр нь эмнэлэг рүү ирж явах замдаа төрсөн байна. 

-Замдаа ойрхон эмнэлэгт хандаж болох байсан уу?

-Болно. Төрөлтийн үйл ажиллагаа эхэлсэн бол замд таарсан хамгийн ойрхон эмнэлэгтээ тусламж үйлчилгээ авч болно. Ээж өөрөө таксинд суучихсан, таксины жолооч ээжийн хүсэлтээр манай эмнэлэг рүү явсан юм билээ. 

-Ийм тохиолдол хэр их гардаг вэ?

-Зөндөө гардаг. Түргэн дуудсан тохиолдолд түргэний эмч аль ойрхон эмнэлэг рүү төрөлтийн үйл ажиллагааг мэдэж байгаа учраас хүргэж өгдөг. Энэ удаад таксинд явж байсан учраас таксины жолооч наашаа авчрах зорилготой явж байгаад замдаа төрсөн. 

Үргэлжлүүлэн нярайн биеийн байдлын талаар “Өргөө” амаржих газрын Нярайн эмч Ц.Цолмонгоос тодрууллаа.

-Нярайн биеийн байдал ямар байгаа вэ?

-Яг одоогоор нярайн биеийн байдал тогтвортой байгаа. Гадаа төрсөн учраас хүйтний цочролтой. Биеийн температур 33.3 градустай. Захын мэдрэлийн сахар багассан. 2.7 мм.мл-тэй нярай ирсэн. Одоогийн байдлаар биеийн байдал тогтворжиж, эмчилгээ үйлчилгээ авсан байна. Хүүхэд одоогоор хүчилтөрөгч гуурсаар аваад, бусад эмчилгээнүүд судсаар хийгдэж байна. Дулаан болон цусан дахь сахарын хэмжээ тогтворжсон. 

-Хэдэн кг төрсөн бэ?

-2750 кг, 48 см, хүү төрсөн.  

Эмнэлгээс эх, хүүхдийн биеийн байдал тогтворжсон, хэвийн байгаа тухай мэдээлэл өглөө. Ингээд тухайн үед зам дээр үүрэг гүйцэтгэж, хөдөлгөөн зохицуулж байсан цагдаагаас тодрууллаа. Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн цагдаагийн ахлах ахлагч Т.Ганхуягтай ярилцлаа. 

-Нэгдүгээр сарын 7-ны өдөр та хэдээс хэдэн цагийн хооронд үүрэг гүйцэтгэв?

-Амралтын өдөр буюу нэгдүгээр сарын 7-ны өдрийн 09:00-21:00 цаг хүртэл үүрэг гүйцэтгэх хуваарьтай байсан.

-Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Тухайн үед постондоо үүрэг гүйцэтгэж, замын хөдөлгөөнийг зохицуулаад зогсож байсан. Төв шуудангийн урд приус маркийн машин аваараа татаад зогсчихсон. Тэгэхээр нь эвдрэл гарсан байх гэж бодоод уулзах гээд алхсан юм. Жолооч машин дотроосоо куртик аваад гүйхээр нь юу болов гэж бодоод нөгөө талаар нь тойроод хартал тухайн эмэгтэй замын хажууд талын сааданд төрчихсөн байсан. Тэгээд л хамгийн ойрхон жижүүрийн пост руу гүйж, дулаан хувцас, дэвсгэр гаргаж ирж дэвсэж тусласан.

-Та түргэн дуудсан уу?

-Дуудчихсан байсан. Би ч бас бүсийн офицер ахлахтайгаа холбогдоод, 103 дуудсан. 

-Та Тээврийн цагдаагийн албанд хэдэн жил ажиллаж байгаа вэ. Хөдөлгөөн зохицуулж байх үед чинь ийм зүйл өмнө нь тохиолдож байв уу?

-Би цагдаагийн байгууллагад 11 жил, ТЦА-нд 6 дахь жилдээ ажиллаж байна. Ийм үйл явдал анх удаа тохиолдлоо. Цочирдсон л доо. 

-Тухайн үед замын хөдөлгөөн хэр ачаалалтай байсан бэ?

-Амралтын өдөр байсан учраас хөдөлгөөн сийрэг байсан. Түргэн ч удаагүй ирээд аваад явсан. 

-Жолооч тэндээс хаачсаныг харж амжсан уу? 

-Тэндээс эргээд явсан байх. Эргэж холбогдож амжаагүй л байна. 

-Тухайн үед хамгийн түрүүнд юу бодогдож байв?

-Би ч өөрөө аав хүн. Хоёр охинтой. Өвлийн хүйтэнд гадаа төрсөн хүүхдийн эрүүл мэндэд ямар нэгэн байдлаар эрсдэл учрах вий дээ гэж бодогдсон. Тиймдээ ч дулаан зүйл авахаар хамгийн ойрхон жижүүрийн пост руу гүйсэн. Жирэмсэн эмэгтэйчүүд ч хүүхэд болон өөрсдийн эрүүл мэндийн төлөө эрт дуудлага мэдээллээ өгч байгаарай. Тулгамдчихсан үед хэцүү юм билээ.      

Тухайн үед жирэмсэн эмэгтэйг төрөх эмнэлэг рүү хүргэхээр явсан таксины жолооч М.Сайнжаргалтай ярилцлаа. 

-Өөрийнхөө тухай товч танилцуулаач?

-Би улирлын чанартай ажил хийдэг болохоор хааяа такси үйлчилгээнд явдаг юм. Таксинд яваад нэг жил хүрээгүй. Өвөл амарч байх үедээ хааяа таксинд явдаг юм. Эхнэр дөрвөн хүүхдийн хамь амьдардаг. 

-Тухайн эмэгтэй хаанаас таны машинд суусан юм бэ?

-Тухайн үед би Таван шарын автобусны буудлын ойролцоо машинаа тавьчихаад хоол идэх гээд зогсож байсан. Нэг залуу миний хажуугаар зөрөөд, такси барих гээд гараа өргөөд зогссон. Такси олдохгүй, зогсохгүй байсан л даа. Цаана нь нэг эмэгтэй эвхэрч уначихаад босохгүй. Тэгээд л би араас нь машинаа бариад очсон. Тэр залуу “Энэ эмэгтэйн бие нь муудаад байна” гэсэн. Тэгээд л машин руу өргөж суулгаад тэр залуу “Таксины мөнгөтэй юу” гээд эмэгтэйн халаас руу 5000 төгрөг хийж өгсөн. Тэгэхэд энэ залуу энэ эмэгтэйд тус болж байгаа юм байна гэж бодоод л хөдөлсөн. 

-Тухайн үед та жирэмсэн гэдгийг нь мэдсэн үү?

-Машинд суучихаад нэлээд ёоолж, уйлаад л байсан. Жирэмсэн гэдгийг нь мэдээгүй. Тэгээд нэгдүгээр хороолол хүрэхэд жирэмсэн гэдгийг нь мэдэж байгаа юм. Өвдөөд байгаа бололтой ойр ойрхон уйлаад “ёооё” л гээд байсан. Аваараа татаад л нэгдүгээр эгнээгээр давхиад байлаа. 

-Ойрхон эмнэлэг орох тухай бодогдсон уу?

-“Хоёулаа Эх нялхас оръё” гэтэл “Үгүй ээ, Нэгдүгээр төрөх орно” гэсэн. Баруун дөрвөн зам дөхөөд иртэл бүр илүү уйлаад эхэлсэн. Толгойд хамгийн түрүүнд эхнэр рүүгээ залгах л бодол орж ирдэг юм билээ. Залгаад асуулаа. “Жирэмсэн эмэгтэй миний машинд суучихсан уйлаад байна. Яах вэ” гэтэл “Минут нь хэр ойр зайтай байх шиг байна” гэсэн. “Ер нь л зогсоо зайгүй уйлаад байна” л гэв. Тэгтэл эхнэр маань “Өө за тэгвэл машинд чинь төрчихлөө дөө” л гэсэн. Би ч арай үгүй байлгүй дээ гэж бодоод нэгдүгээр эгнээгээр давхиад байлаа. Яг Төв шуудангийн уулзвар дээрх гэрлэн дохион дээр түгжрээд л зогссон. Нөгөө охин чинь “Бие заслаа” гээд хаалга онгойлгоод л буучихлаа. “Ахын дүү бие засах биш хүүхэд чинь төрөх гээд байгаа юм биш үү” гэж асуув. “Үгүй ээ, ахаа бие засах гээд байна” гээд л буугаад цасан дээр суугаад өмдөө тайлаад суусан. Би нэгдүгээр эгнээнд машинаа тавьчихаад араас нь гүйгээд очсон. Зөндөө машин сигналдаад, зам тавь л гээд байсан. “Ахын дүү хүүхэд чинь төрөх гээд байна аа. Чи ядаж машинд ор” гээд өргөх гэсэн дийлдэггүй. Замын цаана нэг охин явж байхаар нь “Ахын дүү чи эмэгтэй хүн байна даа. Ахдаа туслаач” гэтэл харин тэр охин ирж тусласан. Тэгсэн толгой нь гарчихлаа л гэлээ. Би ч күртикээ тайлж доогуур нь шургуулаад л тосоод авсан. Гулгаад л ороод ирж байна лээ. Нөгөө охиндоо тэврүүлээд л, шууд түргэн дуудсан. “Алчуур даавууны юм байна уу” гэхээр нь машин руугаа гүйж очоод, ороолт байснаа авчирч өгсөн. Тэр охин ороолтоор биеийг нь арчаад, дааруулахгүй гэж байгаа юмуу даа. Тэгээд л цагдаа ирсэн дээ. 

-Таван шараас Төв шуудан хүртэл хэчнээн минут явсан бэ. Тэр хооронд түгжрэл хэр байв?

-Амралтын өдөр байсан болохоор дугаарын хязгаарлалтгүй, түгжрэл ихтэй байсан. Би ч аваараа татаад л дан нэгдүгээр эгнээгээр л давхисан. 13:40 цаг хавьцаа л миний машинд суусан. Тэгээд 14:10 цагийн үед Төв шуудангийн уулзварт ирсэн. 30 минут хэртэй явсан. 

-Анх таксинд суулгаж өгсөн эрэгтэй тусалж явсан хүн байсан юм уу?

-Тэр хүн намайг хоол идэхээр явж байхад хажуугаар зөрж гарсан. Тухайн үед тэр охиныг эвхрээд унахад нь тусласан юм билээ. Их сэтгэлтэй залуу. Замын хажуугаар явж байсан охин ч бас их тус хүргэсэн.

-Түргэн ирсний дараа юу болсон бэ?

-Тухайн эмэгтэйг цагдаатай цуг өргөж орон дээр тавиад, түргэний машинд оруулсан. Түргэний машин хөдлөх хүртэл миний зүрх зүгээр л балбаастай. Түргэн 6-7 минутын хооронд ирсэн байх. Тэгээд түргэний араас очиж эмнэлэгт оруулчихаад, эргэж гарахдаа “Хүүхэд нь яаж байна” гэж хамгийн түрүүнд хүүхдийн биеийг асуусан. Эмч “Хэвийн байна” гэхээр нь тайвширсан. Гарч ирээд эхнэр рүүгээ залгаад “Замд цасан дээр төрчихлөө. Би замын хажуугаар явсан охинтой цуг эх бариад авчихлаа” гээд хэлсэн. Тэгээд явж байгаад дахиж эхнэр рүүгээ залгамаар санагдлаа. Залгаад “Чиний зөв. Бүх юм ерөөсөө чиний зөв” гэж хэлсэн дээ. 

-Таван шараас Төв шуудан хүртэл тухайн охинтой юм ярьж амжсан уу?

-Ихэнхдээ л тэр охин уйлаад явсан. “Ахын дүү яаж байна. Гайгүй юу” гэхэд уйлахаас өөр зүйл хэлээгүй. Хэсэгхэн чимээгүй болохоор нь толиндоо хартал ухаан алдчихсан юм шиг харагдсан. “Хүүе ахын дүү гайгүй юу” гэхээр л уйлчихаад. Юм ярьж чадахгүй л явсан. 

-Та ар гэрээс нь холбогдох хүн байгаа юу гэж асуусан уу?

-Асуусан. Нэг дугаар хэлсэн нь ажилтай байсан юмуу утсаа аваагүй. 

-Тухайн үед нэлээд сандарч, цочирдсон байх. Яг цагаа тулахаар юу бодогддог юм байна?

-Хүүхэд, эх хоёр л эсэн мэнд байгаасай гэж бодогдсон. Түргэн л хурдан ирээсэй гээд дуудсан. Цагдааг ирэхээр нь цагдаагийн машинд суулгах гээд өргөөд явж байх хооронд түргэн ирсэн л дээ. Тэгэхээр нь буцаж түргэний машинд оруулсан. Тэр замд явсан охин ирж туслаагүй бол би ганцаараа яах учраа олохгүй, барахгүй байсан байх. Тэр охинд маш их баярлалаа. Анх такси барьж өгсөн залууд бас баярлалаа. Хамгийн гол нь эх, үр хоёр эрүүл энх байгаасай. Ээж нь гадаа хүйтэнд төрсөн учраас гам сайн бариарай. Цаашид яах ч юм билээ. Өөрийгөө хайрлаарай гэж хэлье.  

С.ОТГОНБАЯР


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19