Dark Light
Нийгэм | 2026-11-04

GEN Z БОЛОН GEN ALPHA ҮЕИЙНХНИЙ "MOGGING" ХЭМЭЭХ СЛЭНГИЙГ 2026 ОНЫ ОНЦЛОХ ҮГЭЭР ШАЛГАРУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | AI-generated image Zogii.mn

Их Британийн "Collins Dictionary" (Коллинз толь бичиг) хэн нэгнээс эсвэл ямар нэг зүйлээс илүү гялалзах, давуу харагдах гэсэн утгатай "mogging" хэмээх Gen Z болон Gen Alpha үеийнхний слэнгийг энэ оны онцлох үгээр нэрлэлээ.

Толь бичгийн шинжээчдийн тайлбарласнаар, залуучуудын дунд "хэн нэгэн өөрөөс нь илүү гарч, олны анхаарлыг булаасан үед" тоглоом шоглоом болгон, ёгт утгаар ихэвчлэн хэрэглэдэг энэ үг нийтийн хэрэглээнд нэвтэрч, 2026 онд хэрэглэгдэх давтамж нь 210 хувиар өссөн байна гэжээ.

Коллинз толь бичгийн гүйцэтгэх захирал Алекс Бикрофт "Mogging үгийг сонгосон нь үе үеийнхэн хэл соёлд өөрийн гэсэн мөрийг хэрхэн үлдээдгийг харуулж байна. Энэ бол Gen Z болон Gen Alpha нэгэн үгийг өөртөө нутагшуулан, хошин слэнгийн хэллэг болгон хувиргаж, хэлийг өөрийн болгож буйн гайхалтай жишээ" хэмээн онцолжээ.

Тус толь бичгийн 2026 оны шинэ болон онцлох үгсийн жагсаалтад өөр хэд хэдэн сонирхолтой нэр томьёо багтсан байна:

  • P(doom): Хиймэл оюун ухаан хүн төрөлхтний соёл иргэншлийг мөхөлд хүргэх магадлалыг тооцоолсон хувь.

  • Firewaves: Богино хугацаанд хот суурин газарт дараалан гарах хэд хэдэн удаагийн цуврал түймэр.

  • Ghost jobs: Бодитоор хүн ажилд авах ямар ч бодолгүйгээр, зүгээр л компаниа сурталчлах эсвэл өөр зорилгоор гаргасан "хий үзэгдэл" мэт хуурамч ажлын байрны зар.

  • Carspreading: Автомашин үйлдвэрлэгчид улам урт, өргөн, хүнд жинтэй машин үйлдвэрлэх хандлага.

  • Fricy: Нэгэн зэрэг жимсний амттай (fruity) бөгөөд халуун ногоотой (spicy) тренд болж буй хоол, ундаа.

  • Friendslop: Найзуудын дунд тоглоход зориулагдсан, бага төсвөөр бие даан бүтээсэн видео тоглоом.

Толь бичгийн баг цахим орчин болон бусад эх сурвалжуудыг багтаасан 27 тэрбум гаруй үгсийн санг тогтмол хянаж, байнга хувьсан өөрчлөгдөж байдаг англи хэлний өнгийг тодорхойлох зорилгоор энэхүү жилийн жагсаалтыг гаргадаг байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08