Dark Light
Нийгэм | 2024-01-22

Бямбабаатар уу, Нямбаатар уу?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хотын дарга Х.Нямбаатар бямбад баатар юм, нямд баатар биш боллоо. Нийтийн тээврийг 114 богино чиглэлтэй болгосон Бямбабаатарын шийдвэрийг Нямбаатар нь буцааж 71 чиглэл хуучин чиглэлийг сэргээлээ. Бямбын баатар шийдвэрт 6500 орчим санал гомдол ирсэн учир Даваабаатар, Мягмарбаатар, Лхагвабаатар, Пүрэвбаатар, Баасанбаатар болохоос өмнө амжаад Нямд нь баатарлахаа больсон байна.   

Хотын иргэд автобусны буудал дээр, хотын дарга хот, замын зурган дээр зэрэг зэрэг төөрсөөр төөрсөөр төрөлдөө болж, 71 чиглэл нь хуучнаараа шинэчлэгд, 45 нь шинэ нь хуучнаараа үлдээд байна. 

Иргэдийн зарим нь шинэ богино рейсийг дэмжиж дасах гэж байтал 71 нь буцаад хуучиндаа орлоо. Шинэд дасах гэж байсан иргэд хуучиндаа төөрөөд, хуучнаа нэхэж байсан нь шинэдээ төөрөөд, хотоороо төөрцгөөж байна. Галзуураад байгаарай! 

Автобусны чиглэлийг зураг, тэмдэг, өнгөөр биш үг үсгээр нь эрээлжтэл хэвлэж, ирийтэл нь наасан тул иргэд өвсөн доторх зүү болсон маршрут эрж олох, зарим нь өөрийнхөө овог нэр, утасны дугаар, регистрээ хайх зэргээр цаг алдсан байна. Ахмад настнууд, аппликйэшн ашиглаж автобусаа эрж олох нь амаргүй даваа, аюултай дамжин болоод байна. Богино рейс олон талаар ашигтай боловч өвлийн хүйтэнд автобус нь халж амжихгүй байх, тухайлбал Яармаг, Нисэх орчмоос ирэх богино эргэлтийн 4 автобуснаас буусан зорчигчид цаашаа явах 1 автобусанд бөөнөөрөө чихэлдэх, үүний улмаас жирэмсэн нь замдаа нярайлах, зүгээр нь жирэмслэх хэмжээнд очиж болзошгүй байдалд дамжин сууж байна. Галзуураад байгаарай!

Нэг суугаад зорьсон газартаа хүрдэг байсан бол давахгүй гэсэн даваагаар 3 дамжин давах, нэг буудлаас нөгөө буудалдаа 1 км алхацгаасан. Дэлхийн хамгийн хүйтэн тусгаар улсын нийслэлийн богино рейсийн автобуснууд халж дулаацаж амжихгүй эргэн ирж байна гэж жолооч бүсгүй ярьж байна. Галзуураад байгаарай!

Төв талбайн нэг хэсэг нь нийтийн тээврийн буудал болсон тул төрийн ёслол хүндэтгэл, хүндэт харуул, цэргийн жагсаал, баяр наадмаа автобусны моторын дуутай хөг нийлэн, дөрөө харшуулан явагдах нь тодорхой байна.    

Хужирт сумын уугуул хотын даргатай хотын зам хужираар цайрч байсан бол Бэрх тосгоны харъяат мээртэй болоод бэрх болох уу, бэрхийг давах уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. 

Хот инженерийн тооцоо судалгаа,  иж бүрэн төлөвлөгөөгөөр хөгждөг. Хот хувь, хувьсгалын сургууль дүүргэсэн хуульчийн сэлэм, хурандаа нарын тушаал даалгавраар хориглосугай, мэдлээ гүйцэтгэе гэж хөгждөггүй. 

Улаанбаатар угаасаа баатар хотын цол хэрэггүй, уг нэр нь баатар, ув улаан баатар хот. Ухсан нүх, овоолсон шороо, ундуй сундуй төрх, утаа бүрхсэн тэнгэр, улаан шороо нь эргэсэн хөрстэй Улаанбаатар угаасаа бөмбөгдүүлчихсэн юм шиг, байлдаан тулааны байнгын бэлэн байдалтай баатар хот.    

Баатар хотын дарга хүн хөдөлмөрийн биш улсын баатар, улсын аварга бөх, улсын алдарт уяач, ядахнаа баатар гэсэн нэртэй, боксын холбоог толгойлж үзсэн байдаг дэлхийд ганцхан нийслэл. Хүндэт хотын иргэд ээ. Галзуураад байгаарай, зүгээр.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19