Оросын хямд үнийн Fix Price сүлжээ дэлгүүр Монгол Улс дахь үйл ажиллагаагаа бүрэн зогсоож, тус улсад ажиллаж байсан бүх гурван салбараа өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр хаасан тухай тус компанийн 2026 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаас иш татан «Ведомости» мэдээллээ. Fix Price компани Монголын зах зээлээс гарсан шалтгаанаа албан ёсоор тайлбарлаагүй байна. Салбарын шинжээчдийн үзэж байгаагаар Монголын зах зээлийн багтаамж бага, мөн тээвэр логистикийн хүндрэлтэй байдал нь тус компани Монголд тогтвортой бизнес эрхлэхэд саад болсон байх магадлалтай ажээ.
Fix Price сүлжээ анх 2023 оны нэгдүгээр сард нийслэл Улаанбаатар хотод франчайз эрхээр хоёр салбараа нээж Монголын зах зээлд нэвтэрч байсан юм. Эдгээр дэлгүүрүүдийн бараа бүтээгдэхүүнийг Оросын Новосибирск хот дахь түгээлтийн төвөөс авто замаар тээвэрлэн нийлүүлдэг байжээ. Тус сүлжээ дэлгүүр 2025 оны сүүлчээр салбарынхаа тоог түр хугацаанд дөрөв болгож өргөжүүлсэн ч удалгүй цөөлсөн байна.
Тус компани Монголын зах зээлээс гарахаас гадна Кыргызстан дэх франчайзын салбарын тоог зургаагаас дөрөв, Арабын Нэгдсэн Эмират Улсад дөрвөөс гурав болгон цөөлжээ. Үүний эсрэгээр Узбекистан дахь салбарын тоо нь 25-аас 30 болж өссөн бөгөөд сүүлийн гурван сарын хугацаанд Серби улсад шинээр 10 салбар дэлгүүр нээсэн байна. Анх 2007 онд байгуулагдсан Fix Price нь дэлхийн 10 оронд 8,219 салбартай Оросын хамгийн том хямд үнийн сүлжээ дэлгүүр бөгөөд Беларус (411 салбар), Казахстан (408 салбар) улсууд тэдний хилийн чанад дахь гол зах зээл юм. Тус компани 2021 онд Лондоны хөрөнгийн биржид IPO гаргасныхаа дараа 2023 онд хуулийн харьяаллаа Кипрээс Казахстан руу шилжүүлжээ.
Хэдийгээр Монголын зах зээлийн багтаамж бага гэж оросууд үзэж байгаа ч Монголын жижиглэн худалдааны зах зээл дээрх олон улсын томоохон сүлжээнүүдийн хүчтэй өрсөлдөөн Fix Price гарахад дараах байдлаар нөлөөлсөн гэж болно.
Монголын хэрэглэгчдийн хувьд CU, GS25 зэрэг конвиниенс дэлгүүрүүд болон И-Март, Номин, Carrefour зэрэг супермаркетууд хэдийн өдөр тутмын амьдралын хэв маяг, соёл нь болж тогтсон. Эдгээр сүлжээнүүд зөвхөн бараа зарахаас гадна бэлэн хоол, кофе, тухтай орчин зэрэг хэрэглэгчдэд хэрэгцээт цогц үйлчилгээг санал болгодог. Харин Fix Price-ын хувьд голчлон Оросын хямд үнийн гэр ахуйн болон хүнсний бус ойр зуурын бараа бүтээгдэхүүн дээр төвлөрдөг тул Монголын хэрэглэгчдийг татах уян хатан чанар, маркетингийн хувьд Солонгос, Францын брэндүүдэд цохигдсон гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн, Carrefour болон И-Мартын No Brand зэрэг дэлхийн хэмжээний аварга сүлжээнүүд нь өөрсдийн үйлдвэрлэдэг, эсвэл шууд гэрээгээр маш хямд зардлаар татдаг "Private Label" буюу өөрийн брэндийн чанартай барааг хямд үнээр нийлүүлдэг. Энэ нь Fix Price-ын санал болгодог "хямд үнэ"-ийн давуу талыг шууд үгүй хийсэн. Fix Price Новосибирскээс Улаанбаатар хүртэл авто замаар урт тээвэр хийж бараагаа татдаг байсан нь логистикийн зардлыг нэмэгдүүлж, бусад шууд усан замаар болон уян хатан тээвэрлэлттэй олон улсын сүлжээнүүдтэй үнийн хувьд өрсөлдөх чадваргүй болгосон байж болно. Товчхондоо, Монголын зах зээл жижиг ч гэлээ олон улсын топ тоглогчид хэдийн байр сууриа эзэлж, маш өндөр өрсөлдөөнтэй орчин үүссэн тул Fix Price энд өөрийн гэсэн орон зайг үүсгэж чадалгүй шахагдсан гэж дүгнэж болно.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг



