Оюуны өмчийн газар, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөлөөс 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг гаргаж, Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (MOSCAP)-ийн зохиогчийн эрхийн хөгжмийн бүтээлийг олон нийтэд тоглуулах, хуулбарлах, дамжуулах болон түгээх эрхийг ашиглуулах тарифыг албан ёсоор хянан баталлаа.
Оюуны өмчийн тухай хуулийн 11.4, 12.2.2 болон Зохиогчийн эрхийн тухай хуулийн 51.1 дэх хэсгийг үндэслэн баталсан уг шинэ тариф нь танилцуулмагц хүчин төгөлдөр үйлчилж эхлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй юм.
Баталсан тарифаас дурдвал:
-
Тоглолт, наадам: Борлуулсан тасалбарын орлогын 3 хувийг зохиогчийн эрхийн төлбөрт авах ба тасалбаргүй олон нийтийн арга хэмжээнд тоглогдсон нэг дууны бүтээлд 200,000 төгрөг, дэвсгэр хөгжимд 100,000–300,000 төгрөгийн төлбөр ногдуулна.
-
Телевизийн шоу, концерт: Шоу нэвтрүүлгээр ковер дуу дуулахад хуулбарлах болон синхрон эрхийн төлбөрт тус бүр 1 сая төгрөг, нийтэд тоглуулахад 500,000 төгрөг төлөхөөр тусгажээ.
-
Караоке баар: Улаанбаатар хотын төвийн караоке баарууд нэг өрөөнөөс сард 30,000 төгрөг, захын болон хөдөө орон нутгийн баарууд 20,000 төгрөг төлнө. Олон өрөөтэй газруудад 10–20 хувийн хөнгөлөлт үзүүлэх зохицуулалт хийсэн байна.
-
Онлайн болон стриминг үйлчилгээ: IPTV, OTT суурилсан караоке болон M Music, Sonsy, Дуул зэрэг аппликейшнуудын үйлчилгээний суурь хураамжийн орлогоос НӨАТ болон суутгалуудыг хассан дүнгээс 12–15 хувийн хураамж авахаар тогтоосон байна.







Нийгэм



