БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны нутагт орших, Монгол-Хятадын хилийн хамгийн том хуурай замын боомт болох Эрээн хотын ачаа тээврийн хэмжээ болон худалдааны эргэлтийн үнэлгээ энэ оны эхний гурван улиралд эрс өссөн тухай орон нутгийн гаалийн байгууллагаас мэдээллээ. Энэ хугацаанд тус боомтоор хийсэн импорт, экспортын худалдааны нийт үнэлгээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.1 хувиар өсөж, 87.63 тэрбум юаньд буюу ойролцоогоор 13.76 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс импортын хэмжээ 21.7 хувиар өсөж 31.38 тэрбум юань, экспортын хэмжээ 14.6 хувиар өсөж 56.25 тэрбум юань болжээ. Түүнчлэн нийт ачаа тээврийн хэмжээ жилийн дүнгээрээ 14.3 хувиар нэмэгдэж, 16.94 сая тонноос давсан байна.
Монгол Улсаас Хятад руу гаргасан гол импортын бүтээгдэхүүнд нүүрс, жонш, төмрийн хүдэр, түүнчлэн ноолуур, ноос багтаж байгаа бол Хятадаас манай улс руу гаргасан экспортын дийлэнх хувийг барилгын материал, инженерийн зориулалттай техник хэрэгсэл, автомашин болон өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн эзэлжээ.
Энэ оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийг албан ёсоор байгуулсан бөгөөд үүнд тус өөртөө засах орны нийслэл Хөх хот, хойд хилийн Манжуур хот болон Эрээн хот гэсэн гурван туслах бүс багтаж байгаа юм. Энэхүү чөлөөт худалдааны бүсийн бодлогын дэмжлэгтэйгээр Эрээн хотын хил орчмын оршин суугчдын харилцан худалдааны гүйлгээний хэмжээ есдүгээр сарын 30-ны байдлаар 705 сая юаньд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 54.95 хувиар өсөж, өнгөрсөн жилийнхээс 51 хоногийн өмнө 700 сая юанийн босгыг давсан үзүүлэлт боллоо.
Хятад-Европын төмөр замын буухиа тээврийн төв коридорын цорын ганц орох, гарах гарц болох Эрээний төмөр замын боомт нь өдгөө ХБНГУ, Польш зэрэг 10 гаруй орны 70 гаруй зангилаа өртөөг холбосон 76 чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж байна.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг



