Dark Light
Нийгэм | 2024-01-24

Иргэн: Анхны дэлбэрэлт болоход 11 давхартай чацтал гал босож ирсэн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ослын газраас нүүлгэн шилжүүлсэн иргэдээс тодрууллаа.

70 гаруй насны эрэгтэй: Ослын шат сунах нь сунаж байсан. Тэр нь дэлбэрээд дээвэр рүү шидэгдсэн гэсэн зүйл сонсогдсон. Ямар ч байсан Дүнжингарав руу тийм төмөр шидэгдэж, ойчсоныг харсан. Би нүд муутай болохоор сайн харж чадаагүй л дээ. 

-Таны болоод гэрийнхнийх нь биеийн байдал ямар байна вэ?

-Одоохондоо гайгүй. Түрүүхэн бид даралтны тариа хийлгэсэн л дээ. Уг нь миний даралт 130 байдаг юм. 180 хүрчихсэн байсан. Зүрхний цохилт бас түргэссэн. Гэхдээ одоо ч сайн тайвшраагүй дотор жихүүдэстэй л байна. Нүүлгэн шилжүүлэлтийг сайн зохион байгуулжээ. Дөнгөж ирэнгүүт угтаж аваад, эм тарианы тусламж үзүүлсэн. Онцгой байдлын албаныханд баярлалаа. 

-Танайх хэдэн давхарт байрладаг байв. Галын бүсээс хэрхэн гарсан бэ?

-Зарим нь цахилгаан шатаар, зарим нь шатаар алхаж буусан. Манайх 11 давхарт байдаг. Анхны дэлбэрэлт болоход 11 давхартай чацтал гал босч ирсэн. Газар хөдлөв үү л гэж анх бодсон. Айхавтар нүргэлээд өрөөн дотор тоос ч юм шиг, утаа ч юм шиг, юу ч гэмээр юм дээ сонин үнэр үнэртэж эхэлсэн. Гэрлийн бүрхүүл санжигнаад, эхлээд газар хөдөллөө гэж би ойлгосон. Гэтэл цонхтой чацуу гал оргилоод, маналзаад ирэхээр гал гарсан байна гэж мэдсэн. Тэгээд хүүхдүүдээ босгоод, зарим нь шалдан жаахнуудаа тэврээд гарцгаасан. 

-Одоо хүүхдүүдтэйгээ цуг нэг өрөөнд байгаа юу?

-Хоёр зээнцрээ ээж аавтай нь цуг айл руу явуулсан. Бусад нь дээр өрөөнд байрласан. Хамаатан садангууд хоол цай авчирч өгч байна. Эмч нар байн байн явж даралт үзэж байна. Цагдаа, онцгойгоос асуулга тодруулгууд авч байна. Үүнд нь баярлаж байна. 

Нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан иргэн Н:

-Гал гарах үед байрны галын систем дугарсан уу?

-Дугараагүй. Тамхи татах үед утаа гардаг шиг паргилсан утаа цонхоор ороод ирсэн. Цонхоо хаая гээд бостол гал гарч байсан. Тэгээд л хүүхдүүдээ босгоод орцны ард талын хаалгаар гарсан. Харин манай байр хоёр талдаа хаалгатай байсан тулдаа гарлаа. 

-Танай байр даатгалтай юу?

-Даатгалтай. Нөхөн төлбөр өгөх байх. Төр засгаас шуурхай арга хэмжээ авч, нүүлгэн шилжүүлэлтийг цаг алдалгүй хийлээ. Үүнд нь их талархаж байна. 

-Зарим иргэд аваарын хаалга онгойхгүй байсан гэх зүйл ярьж байна?

-Түгжчихсэн. Тэр чинь уг нь онгорхой байх ёстой шүү дээ. Нөгөө талаас гал пургилж орж ирээд, тэр хаалгыг онгойлгохын тулд шилийг нь хага цохиход хүний толгой руу шил үсэрч хагарсан тохиолдол гарсан. Тэгээд би багтахгүй урагшаа гүйсэн. Тэр хооронд харин манай хүүхдүүд гарчихсан байна лээ. Гарчихаад намайг дуудаж орилж хашгичаад, яваад очтол шалдан нүцгэн байцгааж байгаа юм. Хөл нүцгэн байсан. Тэгэхээр нь өөрийнхөө хувцаснуудыг тайлж өмсүүлээд, хөл гарыг нь ороогоод ойрхон байсан найз харин хувцас хунар авчирч тусласан. 

-Ослын шат нурсан гэх яриа байна?

-Түүнийг ёстой мэдэхгүй. Цагдаагаас нэг хүн авч явна гээд манай хүн явсан. Очиж үзээд үнэлгээ тогтооно гэсэн. Шатны талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан цонх хөндийрсөн байх. Завсраар нь утаа пургиад ороод ирсэн. Хүүхдүүдээ аваад амьд гарсандаа л баярлаж байна. Эрүүл саруул байхад бусад нь болох л байлгүй дээ. Ард түмэн тусалж дэмжээд, төр засгаас арга хэмжээ авч, даатгал шийдэх байх.

С.ОТГОН


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19