Иргэн С-д анх ... сумын Засаг даргын 2007 оны 80 дугаар захирамжаар аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. Улмаар иргэн С-тэй сүүлд 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг нэг жилийн хугацаатай байгуулжээ.
Гэтэл сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн .... дугаар захирамжийн хавсралтаар иргэн С-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгожээ. Улмаар иргэн С шүүхэд хандаж дээрх сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд маргажээ.
Иргэн С-тэй хамгийн сүүлд буюу 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр газар эзэмших гэрээг байгуулснаас хойш хугацааг тооцоход гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх хуульд заасан хугацаа дуусаагүй байна.
Сумын Засаг дарга нь дээрх үндэслэлээр газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо гэрээ байгуулагдсанаас хойш газраа 2 жил дараалан ашиглаагүй бөгөөд энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг заавал харгалзан үзэж, нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байх учиртай.
Өөрөөр хэлбэл маргаан бүхий захирамж гарахаас өмнө иргэнтэй газар эзэмшүүлэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан атлаа гэрээний хугацаа дуусаагүй байхад ийнхүү газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуульд нийцээгүйгээс гадна нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга
АДМИН








Нийгэм




