Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Онцгой байдлын нийслэлийн Баянзүрх дүүргийн Аврах, гал унтраах 63 дугаар ангийн гурван алба хаагчийг 2024 оны нэгдүгээр сарын 29-ний өглөө эцсийн замд нь үдлээ.
Өглөөний 05:30 цаг: Нийслэлийн онцгой байдлын аврах, гал унтраах 10 дугаар анги, Аврагч спорт хорооноос тэднийг үдэн гаргах ёслол эхэллээ. Аравдугаар ангийнхан гал унтраах, аврах бүхий л машинуудаа гаднаа байрлуулан, аваарийн гэрлээ асаажээ. Цагдаа, хүндэт харуулынхан, цэрэг хүчний байгууллагынхан иржээ. Аврагч спорт хорооны гадна Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон бусад удирдлагууд амь эрсэдсэн алба хаагчдын ар гэр, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлэн, хүлээн авч байв. Танхимд гурав дахь шарилыг онцгой байдлын алба хаагчид оруулж ирлээ. Тэднийг ар гэр, төрөл төрөгсөд нь дагалдан оров. Танхимын голд гурван “Баатрын шарил”-ыг байрлууллаа. Зүүн талаар Онцгой байдлын албаны шат шатны удирдлагууд, дүүрэг, нийслэл бүрийн төлөөлөл зогсжээ. Танхимын хойморт хүндэт харуулууд талийгаачдын зургийг барьж зогсон, лам нар ном хурна. Баруун талаар талийгаачдын ар гэрийнхэн, төрөл төрөгсөд сууцгаажээ. Танхимын үүд хэсэгт Онцгойн алба хаагчид жагссан байна. Талийгаачдын шарилыг бүрэн байрлуулсны дараа тэдний малгайг дээр нь заллаа.
06:00 цаг: Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан ирж талийгаачдад хүндэтгэл үзүүллээ. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орж ирэв.
06:10 цаг: Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян үг хэллээ. Тэрбээр “Гэр бүлийнхээ бахархал болсон эх орны хөвгүүд, сайн хань, сайхан аавууд, төрийн өмнөөс үүрэг хүлээсэн онцгой байдлын албаны эгэл баатрууд, бидний хамтран зүтгэгч, дотны нөхөд Ахлах ахлагч Ширнэнгийн Амгаланбаяр, Даваажавын Барсүрэн, Эрдэнэдаваагийн Түвшинтөр нар маань өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар хорвоогийн мөнх бусыг үзүүлэн, бурхны хутгийг оллоо. Та бүхэн маань залуу халуун насныхаа хүсэл мөрөөдлийг биелүүлж, эр зоригийн алба гэдэг Онцгой байдлын байгууллагын эгнээнд нэгдэж, олон олон гамшиг осол, гал түймрийн голомтод мөр зэрэгцэн үүргээ амжилттай биелүүлж ирсэн шилдэг залуус билээ. Нэг анги, нэг тасагт, нэгэн гэр бүл болон үүрэг гүйцэтгэхдээ нийтдээ 480 гаруй удаагийн дуудлагаар ажиллаж, 300 гаруй хүний эрдэнэт хүний амь нас, 4.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. Байгуулсан гавьяа, бахархах үйлстэй баатрууд байлаа. Дэлхийд хамгийн эрсдэлтэй мэргэжлийн нэгт зүй ёсоор тооцогддог гал сөнөөгч хэмээх мэргэжлийг эзэмшин, төр ард түмнээ авран хамгаалахаар тангараг өргөн зүтгэсэн, түүнийг биднийг бүхий л талаар дэмжин тусалж, түшиж найдвартай ар тал нь болсон гэр бүл, төрөл төрөгсдөд нь Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс дахин гүн эмгэнэл илэрхийлье. Гэгээн мөртэй ч гэтлэх саад ихтэй онцгой албыг залуу насаараа гэрэлтүүлж, эх орон ард түмнийхээ аливаа гамшиг ослоос авран хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж, халуун амиа зориулсан эгэл баатрууд та бүхний гавьяа зүтгэлийг Монгол Улсын төр засаг, ард түмэн чинь хэзээ ч мартахгүй. Ажил албандаа чигч шударга, зүтгэлтэй, анд нөхөддөө чин үнэнч итгэлтэй, ээж аавын гэрэлт хөвгүүд, сайн хань, сайхан эрс, ард иргэдийнхээ аврагч болсон баатрууд минь энх амгалангийн орноо тайван нойрсдоо. Та бүхний эх орон, ард түмнийхээ төлөө өргөсөн амь, залуу халуун нас Онцгой байдлын албаны албан хаагчдын жагсаалд үүрд алдаршиж, гэгээн дүр гэрэлт үйлс тань бидний зүрх сэтгэлд мөнхөд хамт байх болно. Сайн төрлийг саадгүй олж, эх орон элгэн садан гэр бүлдээ эргэж заавал төрөх болтугай” гэв. Ингээд тэрбээр бичигтэй цаасаа шарилын хайрцагт хийсэн юм.
06:30 цаг: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талийгаачдын ар гэрт хүндэтгэл үзүүлэн, эмгэнэл илэрхийллээ. Тэрбээр амиа алдсан эрсийн өмнө ёслон, хүндэтгэл үзүүлээд гарав. Түүний араас Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр талийгаачдын ар гэрийнхэн нулимсаа тэвчиж чадалгүй харуусан уйлж байлаа. Хөгшин настай ээж аавууд нь, үрээ тэврэн эмгэнэх эхнэрүүд нь, сайхан ахыгаа үдэж буй дүү нар нь, саруул дүүгээ алдсан ах эгч нар нь бүгд эмгэнэн уйлсаар. Танхимд зөөлнөөр гашуудлын ая эгшиглэж, Онцгой байдлын байгууллагын шат шатны удирдлагууд, алба хаагчид, ар гэрийнхэн талийгаачдад ээлж дарааллан ёсолж, хүндэтгэл үзүүллээ. Бүгдийн сэтгэлд бул хар чулуу тээглээстэй, зарим нь тэрий хадан асгарах гэж буй нулимсаа дотогшоо залгиж, тэвчин байгаа нь илт харагдана. Танхимд цугласан бүх хүмүүс талийгаачдад ёсолж дуусав.
07:00 цаг: Хүндэт харуулууд талийгаачдын малгайг зургийнх нь хажууд залж зогслоо. Талийгаачдын аавууд хүүгийнхээ шарилыг таглав. Хамтран зүтгэгч онцгой байдлын албаныхан шарилыг өргөн ээлж дараагаар танхимаас гарцгаалаа. Түрүүлж гарсан Улсын онцгой комиссынхон, онцгой байдлын албаны удирдлагууд, алба хаагчид бүгд хоёр талд эгнэн зосгож, танхимаас гарч ирэх гашуудлын цуваанд ёслон зогсоно. Хашааны үүдэнд Хүндэт харуулууд ёсолж, үлээвэр хөгжмийн ая эгшиглэнэ. Ар гэрийнхэн, төрөл төрөгсөд нь цувааны ард явахдаа эмгэнэн, нулимсаа барьж чадахгүй уйлсаар явна. Талийгаачдын шарилыг Зил-131 машинд албаны нөхөд нь хүндэт харуулын хамт байрлуулав.
07:30 цаг: Гашуудлын цуваа Нийслэлийн онцгой байдлын аврах, гал унтраах 10 дугаар ангийн үүднээс хөдөллөө. Энэ үеэр төв замын автомашины хөдөлгөөнийг зогсоожээ. Онцгой байдлын галын машинууд дохиогоо хангинуулан, эх орны эрэлхэг эрсийг албаныхан нь үдэн, төв замын хоёр талаар ёслон зогссоор. Албан үүргээ гүйцэтгэж яваад, харамсалтайгаар амиа алдсан гурван хүүгээ эх орон, төр түмэн нь эмгэнэн үдэх сүүлийн цуваа гэрлээ анивчуулан хөдөллөө. Араас нь ар гэр, төрөл төрөгсөд, албаныхны цуваа хөдөлсөн юм.
Ийнхүү эх орны гурван хүүг эцсийн замд нь үдлээ.
С.ОТГОНБАЯР
АДМИН








Нийгэм




