Элэгний В, Д вирустэй тэмцэгчид ТББ-ын удирдах зөвлөлийн дарга С.Дэлгэрмаатай ярилцлаа.
-Элэгний В, Д вирустэй иргэд нэгдэж, ЭМЯ-нд шаардлага өгсөн. Дэлгэрэнгүй яривал?
-Бид 2016 онд нэгдээд төрийн бус байгууллага байгуулсан. Энэ цагаас элэгний Д вирусын тариаг судалж эхэлсэн. В вирусанд уудаг 4 эм бий. Эдгээрийг уугаад дарангуулагддаг. В вирустэй хүмүүст Д вирус идэвхждэг. Миний хувьд 2016 онд дельта вирус идэвхжсэн. Д вирусээс элгээ хамгаалах гэж нэлээд явж байгаа. Өнөөдөр миний элэгний хатуурал F4-рүү орсон. Өдөр болгон дотор муухай оргиж, толгой эргэсэн байдаг. Над шиг зовиуртай хүмүүс маш их бий. Энэ их зовиуртай хүмүүст хэрэглэсэн хүмүүсийнх нь 80 хувьд гаж нөлөө үзүүлдэг, сэтгэц, зүрхэнд нөлөөлдөг, харвалт өгч, өөрийгөө хянах чадваргүй болгодог интерферон альфа-2-ыг зарласанд бид эсэргүүцэж байгаа. Нийт элэгний Д вирус нь идэвхжсэн 450 мянган иргэн Монгол Улсад байна. Эдгээр иргэдээс дельта вирус нь идэвхжсэн 150 мянган иргэн байна. Энэ иргэд хавдрын эмнэлгийг хатуурал хавдар, хэвлий устаж нас барах эрсдэлүүдийг үүсгэж байгаа. Хавдрын эмнэлэг дээр хавдар боолгож байгаа энэ иргэдийн дийлэнх нь дельта вирустэй хүмүүс байгаа.
-Эдгээр өвчтэй хүмүүст ямар эрсдэл үүсч байна...
-Өдөрт 12-15 хүн нас барж, сард 450 иргэн нас барж байгаа. Нэг жилд манай улсад 5400 хүн Д вирусийн улмаас нас барж байна. Яагаад гэвэл Д вирусэнд уух эм байхгүй. Хордлого тайлах шинжтэй л эмчилгээ хийлгэж байгаа. Дөрвөн жилд 21600 иргэн нас барж байна шүү дээ. Нас харгалзахгүй нас барж байгаа. Энэний ард үр хүүхэд нь өнчирч байна. Эхнэргүй, нөхөргүй, ээж, аавгүй болж байна. Ер нь өрх бүрт л элэгний өвчний улмаас нас барсан хүн байгаа.
Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ард иргэд нь энэ өвчнөөр өвдчихсөн байхад манай төр засаг юу хийж байна вэ. Иргэдтэйгээ тулж ажиллах ЭМЯ юу хийж байна вэ гэдэг үнэхээр том асуудал. Эрүүл мэндийн яам гүйцэтгэх байгууллага учир бид шахаж, шаардаж яриа хэлэлцээрийн түвшинд асуудлаа шийдүүлэх гэж маш их ажилладаг. Хамгийн гол нь иргэдээсээ ерөөсөө л хөндий байдаг.
-Та бүхэнд ямар хүндрэлүүд тохиолдож байна вэ?
-В, Д вирустэй иргэд шинжилгээгээ өгье гэхээр бүх улсын эмнэлгүүдэд нь оношлуур байхгүй, тийм ч юм байхгүй гээд хийдэггүй. Насан туршдаа төлсөн эрүүл мэндийн даатгалаа өвдсөн цаг үедээ хэрэглэмээр байна шүү дээ. Боломжийг нь гаргаж өгөхгүй байна. Иргэд аргаа бараад хувийн байгууллагад 120-180 мянган төгрөгөөр тоолуулдаг. Элэг хамгаалах эмээ авъя гэхээр 80-160 мянган төгрөгийн үнэтэй. Бас л даатгалгүй. Сүүлдээ хүндрээд ирэхээрээ нөгөөх хүмүүсийн маань хэвлий нь устаж эхэлдэг. Хоёр жилийн өмнө 80 мянга байсан уураг одоо 280 мянган төгрөг болсон. Бие нь муудаад ирсэн хүмүүс группт ордог. Долоо хоногт хоёр удаа уураг хийлгэх хэрэг гарна. Гэтэл сарын 360 мянган төгрөгтэй.
Д-ийн тариаг олъё. Яам маань хөдөлж өгөхгүй учраас иргэд бид өөрсдөө явж байгаа. Бид нарын амь нас цаг минуттай уралдаж байна шүү дээ. Бид нас барж, үр хүүхдээ өнчрүүлж үлдмээргүй байна шүү дээ. Өөрсдөө явчихмааргүй байна. Ямар өвчнөөр өнгөрөх вэ гэдгээ бид мэдчихсэн. Сэтгэл санааны хувьд хүнд байдаг. Тэгсэн ч гэсэн өвчнийхөө эсрэг тэмцэж байгаа. Яам явах ёстой боловч өөрсдөө явахаас өөр аргагүй.
ОХУ руу яваад D вирусний Myrcludex тариаг очиж оношлуулаад хийлгэхээр болоод ирсэн. 13.5 тэрбум төгрөгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн D вирусны тарианд төсөвд суулгаж өгсөн. Энэ мөнгө Эрүүл мэндийн яаманд ирээд оношлуур, тоног төхөөрөмж авна гээд Халдвартын эмнэлэг рүү явсан. Тэнд очоод замхраад алга болсон. Энэ мөнгийг зориулалтын бусаар ашигласан.
-Яаж зориулалтын бусаар зарцуулсан бэ?
-Ковидын үед Халдвартын эмнэлэг лабораторийн бүрэн автомат тоног төхөөрөмж авсан. Тэрүүгээрээ Д вирусийг тоолох боломжтой. Чингис хаан зочид буудал гээд үнэтэй газар долоо хоног семинар явуулсан. 10 сард захиалсан оношлуур нь 4-5 сарын дараа ч ирээгүй байна. 4.3 тэрбум төгрөгийг нь энэ мэт зарцуулсан .Үлдсэн 9.7 тэрбумаас тендерт 7.6 тэрбум зарлагдаад хоёр тэрбум нэг зуун 80 сая төгрөг нь дундаас нь алга болчихсон.
Яамны сайд халдвартын эмнэлгийнхэнтэй уулзаад иргэдээс эсэргүүцэл ирж байгаа учраас тендерийг түдгэлзүүл, тендерт гэрээ хийсэн үү гэсэн хийгээгүй гэсэн. Өнөөдрийн байдлаар гэрээ хийсэн төлөв байдалд шилжчихээд байгаа юм. Тендерт тоног төхөөрөмж авч байгаа газруудад гэрээний нөхцөл зааж, бүх л бичиг баримт нь бүрддэг. Халдвартын эмнэлэгт он сар байхгүй гэрээ хийчихсэн байгаа юм. Баримттай байгаа.
-Д вирусний тарианы талаар яривал...
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бүртгэсэн, үеэ өнгөрөөсөн C вирусэнд чиглэсэн интерферон альфа-2-ыг 13-20 хувийн үр дүн өгдөг тариа руу зарцуулах гээд чичрээд дайраад байгаа. Гэтэл Д вирусын төгс, сонгомол тариа гарчихсан. ОХУ, Франц, Шведэд хүмүүс тарьж байна. Монголд хүмүүс очиж тариулж байгаа. Үр дүнтэй байна гэсэн. ОХУ-ын тариаг Монгол Улсад 125 хүн авчираад 1.5-аас хоёр жил ашиглаад үр дүнгээ үзчихсэн байна. Тэр хүмүүс үр дүнгээ үзээд болоод байхад бид нар яагаад болохгүй гэж. Бид нар яамны хаанаас нь гарчихсан хүүхдүүд болж байна. Иргэдээ ингэж ялгаварлан гадуурхаж болохгүй.
Бид нарын хийлгэх гэж байгаа тариа булчинд хийдэг. Эрүүл мэндийн яам бид нараас мэдээлэл багатай байна гэж байхгүй. Иргэдээ мэдээллээр хангах тал дээр бодлого явуулахгүй байгаа. Аль болох мэдээлэлгүй байлгаснаараа төсвийн мөнгө идэхэд амархан байдаг юм шиг байна лээ.
Булчинд хийдэг тариаг яамтайгаа хэлэлцээний ширээнд суугаад сүүл рүүгээ өлсгөлөн зарлах хэмжээнд хүртэл энэ асуудлыг ярьж байгаа. Гэтэл дэлхийд долоо хоног судас руу хийгээд Д вирусийг устгадаг тариа гарчихаад байна. Шинжлэх ухаан хөгжөөд эмчилгээний шинэ загварууд гараад байхад манай яам маань улиг болсон интерферон альфа-2-ыг ДЭМБ-ын бүртгэлтэй гэдгээр нь л иргэддээ шахах гээд байна. Энэ тариа бол хор.
-ЭМЯ-аас тендерийг ашиг сонирхлын зөрчилтэй явагдсан гэж байгаа. Энэ талаар мэдээлэл байна уу?
-Ашиг сонирхлын зөрчилтэй, төсвийн мөнгийг зориулалтын бусаар ашигласан гэж үзэж байгаа. Тус тендерт ХӨСҮТ-тэй хамаарал бүхий "Элдэн гүн" ХХК шалгарч, элэгний С вируст зориулагдсан "Альфа интерфером" тариаг В, Д вирустэй хүнд хэрэглэх, оруулж ирэх тендерт шалгарсан. "Элдэн гүн" ХХК нь ХӨСҮТ-ийн зөвлөх эмч байсан Я.Дагвадоржийн компани юм. Эмнэлгийнх нь оффис улсын эмнэлгийн дөрвөн давхарт байдаг. Шилэн данснаас харахад Халдвартын эмнэлэг дээр зарлагддаг бүх тендерт "Элдэн гүн" ХХК ордог юм билээ. Тендерийн хуулиар хоёроос дээш компани орох ёстой. Халдвартын зөвлөх эмч буюу хамаарал бүхий этгээд, Халдвартын эмнэлэг дээр хувийн эмнэлэг нь оффислодог энэ хүний компани орж шалгардаг. Ганцхан компани ороод тендерийн хугацаа ч байхгүй шалгараад байдаг. Үнэндээ мэдээлэлтэй ойрхон, хамаарал бүхий, харилцан хамааралтай улсууд л шалгаруулдаг. Энэ асуудлыг шалгуулахаар АТГ-т өгсөн.
-АТГ та бүхний гомдлыг хүлээж авсан уу?
-Хүлээж авсан. Аваад Сангийн яам руу хүсэлт явуулсан байна лээ. Хоёр дахь хүсэлтээ мөн явуулсан. Энэ тендерийн ард холбоо хамаарал бүхий хүмүүс байна гэж. Энэ асуудлыг ч шалгаж байгаа.
-ЭМЯ Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн гэсэн. Эдгээрийн хариу хэзээ ирэх вэ?
-Хоёрдугаар сарын 10-нд хариугаа авъя гэж ЭМЯ-нд шаардлага хүргүүлсэн. Хариу дээр ЭМЯ "Бид нар судалж байна" гэдэг хариуг өгсөн. Бид нарт ийм хариу хэрэггүй ээ. Бүтэн дөрвөн жил сонслоо. Шийдэл хэрэгтэй. Цаг минутаар хэмжигдэж байгаа амь насаа аврахын тулд төгс шийдэл л хэрэгтэй.
-Эдгээр шаардлагуудын хариуг ирүүлэхгүй бол цаашид ямар арга хэмжээ авах вэ?
-Өнөөдөр бол шаардлагынхаа хамгийн эцсийн хариуг авах өдөр. Энэ шаардлагыг биелүүлэхгүй бол суултын хэлбэрт шилжинэ. Тэртээ тэргүй бид ядруу биетэй, зовиуртай явдаг хүмүүс. Бид нарыг ийм нөхцөлд оруулж байгаа ЭМЯ-нд үнэхээр харамсаж байна. Бидэнд энэнээс өөр сонголт үлдсэнгүй.
Б.АМАРТҮВШИН
АДМИН








Нийгэм




