ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Бүх Оросын патриарх Кириллийн 80 насны ойд зориулан Сербийн алдарт кино найруулагч Эмир Кустурицагийн бүтээсэн “Наше крещение. Предстоятель” (Бидний загалмайлал. Тэргүүн хамба) баримтат кинонд зориулан дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлага Оросын “Первый канал” телевизээр гарч, бүрэн эх нь Оросын ерөнхийлөгчийн буюу Кремлийн албан ёсны цахим хуудас болох Kremlin.ru дээр нийтлэгдсэн байна. Ярилцлагын үеэр Оросын төрийн тэргүүн болон найруулагч Эмир Кустурица нар “орос иргэншил”-ийн онцлогийг тайлбарлахдаа Монголын түүхтэй холбоотой хэд хэдэн зүйлийг хөндсөн юм.
Найруулагч Эмир Кустурица “Орос иргэншил” гэх ойлголтыг хэрхэн тодорхойлдог талаар асуухад Владимир Путин Орос бол дэлхийн агуу иргэншлүүдийн нэг гэдгийг дурдаад, үүнийг Хятад болон Энэтхэгийн олон мянган жилийн түүхтэй иргэншлүүдтэй харьцуулан тайлбарлажээ. Энэ үеэрээ тэрбээр “Бид түүхэнд юу болж байсныг санаж байна. Жишээлбэл, монголчууд нэгэн цагт Хятадтай удаан байлдаж, эцэст нь бүр өөрсдийн монгол-хятадын гүрэнг (Хубилай хааны байгуулсан Юань гүрнийг (1271–1368) хэлж буй бололтой) хүртэл байгуулсан. Энэ юугаар дууссан бэ? Хятадууд монголчуудыг өөртөө уусгаж авсан. Хятадын төр, ард түмэн тэдгээр байлдан дагуулагчдыг зүгээр л өөртөө уусгачихсан. Тэгээд л тэд ууссан” хэмээн ярьсан байна. Харин Оросын иргэншлийн гол ялгаа нь бүрэлдэхүүндээ багтсан бусад үндэстэн, угсаатны хэл, шашин шүтлэг, уламжлалыг уусгалгүйгээр бие даан хөгжих нөхцөлөөр хангадагт оршдог хэмээн Путин онцолжээ.
Түүнчлэн ярилцлагын дунд хэсэгт В.Путин Оросын түүхэн дэх “хуваагаад захир” бодлогын талаар ярихдаа эртний Орос улс бутархай байсан үе болон “монголын дарлал”-ын дараах орос газар нутгийг нэгтгэх үйл явцыг мөн дурдан өнгөрсөн байна. Тэрбээр тухайн үед Эртний Оросын нэг хэсэг болох Киев болон түүний орчмын нутаг Орос-Литвийн улсын бүрэлдэхүүнд орж, улмаар Польштой нэгдсэнээр орон нутгийн хүн амыг польшжуулах бодлого явагдаж байсан түүхийг өгүүлжээ.
Үүнээс гадна найруулагч Эмир Кустурица Оросын түүхч, угсаатны зүйч Николай Трубецкойн бүтээлээс эш татан Оросын төрийн тэргүүнээс сонирхолтой асуулт асуусан байна. Кустурица “Николай Трубецкой монгол морины хурдыг Оросыг ялах ‘ялалтын код’ байсан гэж бичсэн байдаг. Тэгвэл өнөөгийн энэ дайнд пуужингийн хурд хамгийн чухал уу, эсвэл үнэн алдартны шашны оюун санааны хүч чухал уу?” хэмээн асуужээ. Үүнд Владимир Путин хариулахдаа “Миний бодлоор өнөөдөр пуужингийн хурд ч биш, харин сэтгэлгээний хурд хамгийн чухал, зарчмын ач холбогдолтой болоод байна. Цэргийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар өчигдөр орчин үеийн зэвсэглэлийн техникийн үзүүлэлт чухал байсан бол өнөөдөр математикийн мэдлэг хамгийн чухал болсон. Учир нь цэрэг-техникийн салбар дахь өөрчлөлтийн хурд төсөөлөхийн аргагүй хурдан байна. Хэн илүү сайн сэтгэж, болж буй үйл явдал, сорилтод илүү хурдан хариу үйлдэл үзүүлж чадна, тэр нь ялна. Мэдээж оюун санааны суурь, сэтгэлийн тэнхээг хэн ч үгүйсгээгүй” хэмээн хариулсан байна.
ТАТАР МАЙДАР







Улс төр



