Dark Light
Эрүүл мэнд | 2026-11-22

МОНГОЛ ЭМЧ НАРЫН НЭВТРҮҮЛСЭН LECS МЭС ЗАСЛЫН СУДАЛГАА ОЛОН УЛСЫН СЭТГҮҮЛД ГАРЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Монгол эмч нарын нэвтрүүлсэн ходоодны хавдрын шинэ мэс засал 100 хувийн амжилт үзүүлж, олон улсын сэтгүүлд хэвлэгдлээ

Хавдар судлалын үндэсний төвийн Баттулгын Халиунаа тэргүүтэй эмч нар Японы судлаачтай хамтран 2022–2025 онд ходоодны салстын доорх хавдартай 35 өвчтөнд эрхтэн хадгалах LECS дурангийн хосолсон мэс заслыг хийсэн судалгааны үр дүнгээ “Journal of Minimally Invasive Surgery” сэтгүүлд хэвлүүлжээ. Уг судалгаагаар бүх мэс засал нээлттэй хагалгаанд шилжилгүйгээр хавдрыг 100 хувь бүрэн авч, хагалгааны дараах ноцтой хүндрэл болон 17.8 сарын хяналтын хугацаанд хавдар дахих тохиолдол огт гараагүй болохыг баталсан байна. 

Ходоодны салстын доорх хавдарт хийх хэвлийн болон уян дурангийн хосолсон мэс заслын богино хугацааны аюулгүй байдал ба хэрэгжих боломж: Монголын нэг төвийн анхны туршлагын ретроспектив ажиглалтын судалгаа

  • Зорилго: Хэвлийн болон уян дурангийн хосолсон мэс засал (LECS) нь ходоодны салстын доорх хавдрыг (SETs) эмчлэх бага хөнөөлтэй, эрхтэн хадгалах арга юм. Зүүн Азийн томоохон төвүүдэд хэдийнэ нуташсан хэдий ч Монгол Улсад уг аргыг хэрэглэсэн талаар өмнө нь мэдээлж байгаагүй билээ. Бид анхны туршлагаа тайлагнаж, богино хугацааны аюулгүй байдал болон хэрэгжих боломжийг үнэллээ.
  • Арга зүй: 2022 оны арваннэгдүгээр сараас 2025 оны тавдугаар сарын хооронд Монгол Улсын Хавдар судлалын үндэсний төвд ходоодны салстын доорх хавдрын улмаас LECS мэс засал хийлгэсэн өвчтөнүүдийн мэдээллийг дарааллын дагуу эргэн харж (ретроспектив) судалсан. Эмнэлзүй-эмгэг судлалын шинж чанар, мэс заслын үр дүн, мэс заслын дараах үйл явцуудад дүн шинжилгээ хийж, хүндрэлийг Клавьен-Диндогийн (Clavien-Dindo) ангиллаар зэрэглэв.
  • Үр дүн: Судалгааны хугацаанд нийт 35 өвчтөнд LECS мэс засал хийсэн. Өвчтөнүүдийн дундаж нас 55 ± 12 байсан бөгөөд 60 хувь нь эмэгтэйчүүд байв. Хавдрын дундаж хэмжээ 27 ± 11 мм байсан ба ихэнх хавдар дурангийн хэт авиан шинжилгээний дөрөв дэх давхаргаас (muscularis propria буюу булчингийн давхарга) гаралтай байлаа. Эд, эсийн шинжилгээгээр тайрч авсан нийт хавдрын 65.7 хувийг ходоод-гэдэсний стромал хавдар (GIST) эзэлж байв. Мэс заслын дундаж хугацаа 118 ± 57 минут, дундаж цус алдалт 44 ± 20 мл байлаа. Бүх мэс заслыг нээлттэй хагалгаанд шилжүүлэлгүйгээр хэвлийн дурангийн аргаар, хавдрыг бүрэн авч (R0 резекц) амжилттай дуусгасан. Мэс заслын дараах Клавьен-Диндогийн II болон түүнээс дээш зэрэглэлийн хүндрэл огт гараагүй. Мэс заслын дараа эмнэлэгт хэвтсэн дундаж хоног 5.9 ± 0.9 байсан бөгөөд дунджаар 17.8 ± 7.2 сарын хяналтын хугацаанд давтан мэс засал хийх, эмнэлэгт дахин хэвтэх, эсвэл хавдар дахих тохиолдол ажиглагдсангүй.
  • Дүгнэлт: LECS мэс заслыг Монгол Улсад аюулгүй нэвтрүүлж, мэс заслын үеийн маш сайн үр дүнд хүрч, хавдрыг бүрэн авч чадлаа. Эдгээр үр дүн нь сонгогдсон ходоодны салстын доорх хавдрын үед LECS нь эрхтний үйл ажиллагааг хадгалах боломжтой, үр дүнтэй сонголт болохыг баталж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08