Цахим спортын дүн шинжилгээний “Esports Charts” байгууллагаас ирэх арваннэгдүгээр сарын 24-нд эхлэх “PGL Major Singapore 2026” тэмцээнд оролцох 32 багийн нийт 160 тамирчны статистик мэдээллийг танилцуулсныг олон улсын Pley.gg цахим хуудас нийтэлжээ.
Нийт 40 орны шилдэг тоглогчид цуглах уг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улс 12 тамирчинтай буюу нийт оролцогчдын 7.5 хувийг бүрдүүлж, Counter-Strike-ийн уламжлалт гүрэн болох Дани улсыг (10 тоглогч, 6.3 хувь) хоёр тоглогчоор гүйцэн дэлхийд гуравдугаарт бичигдлээ.
Жагсаалтыг нийт тамирчдын 13.8 хувийг эзэлж буй ОХУ (22 тоглогч) тэргүүлсэн бол Бразил улс 20 тоглогчоор (12.5 хувь) удаалж, Украин болон Швед улсууд тус бүр долоон тоглогчтойгоор эхний зургаад багтсан байна. Харин Эстони, Латви, Норвеги, Шинэ Зеланд зэрэг 12 улсаас тус бүр нэг тоглогч оролцож байгаа юм.
Энэ удаагийн тэмцээнд Монголын тамирчид гурван өөр багийн өмсгөлтэйгөөр өрсөлдөх бөгөөд “The MongolZ” болон “Chinggis Warriors” багууд тус бүр таван тоглогчтойгоор бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа бол манай шилдэг тоглогчид болох Senzu, mzinho нар “GOSH” багийн бүрэлдэхүүнд хүч үзнэ.
Тэмцээний насны үзүүлэлтийг авч үзвэл нийт оролцогчдын дундаж нас 24.6 байгаагийн дотор Оросын “Nemiga” баг 21.6 дундаж насаар хамгийн залуу багаар, Бразилын “FURIA” баг 27.8 дундаж насаар хамгийн ахмад багаар тус тус тодорчээ.
Хувь тоглогчдын тухайд Монголын “Chinggis Warriors” багийн тамирчин tikuak болон “Team Liquid” багийн Jorko нар 17 настайгаараа тэмцээний хамгийн залуу оролцогчид болсон бол 36 настай Финн “karrigan” Андерсен, 35 настай Габриэль “FalleN” Толедо, 33 настай Дан “apEX” Мадесклер нар хамгийн туршлагатай ахмад тоглогчдын эгнээнд бичигдсэн байна.
ТАТАР МАЙДАР







Спорт



