Dark Light
Нийгэм | 2024-02-19

С.Саруултөгөлдөр: "AYUD TOWER"-ийг 3 компани барьсан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Аюуд” компаний өмгөөлөгч С.Саруултөгөлдөртэй ярилцлаа.

-Та ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын тайлбарын хариуд зарим мэдээллийг залруулах зүйлүүд байна гэсэн. Сайдын тайлбараар “Ayud tower” 100 хувь гадаадын хөрөнгө оруулалтаар боссон гэсэн. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Тэнцвэртэй мэдээллийг түгээх үүднээс биднийг хүлээн авсанд баярлалаа. Б.Энхбаяр сайдын мэдээллийг сонссон. Өмгөөлөгч хүний хувьд маш их гайхсан, цочирдсон. Яагаад ийм мэдээлэл хийх болсныг ойлгохгүй байна л даа. Б.Энхбаяр сайдын хэлсэнчилэн "Аюуд" компани хотын А бүсэд талбайн урд талд өөрсдийн эзэмшлийн газар дээрээ үйлчилгээний зориулалттай үйлчилгээний төвийн барилгын ажлыг эхлүүлсэн байсан. Барилгын бүтцийн хувьд гурав дахь давхар дээрээ явж байтал БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хуашен констракшн” гэх компани “Танай барилгын үлдэгдэл бүх санхүүжилтийг гаргая. Барьж дууссаны дараа 60х40 хувиар хамтран өмчилье” гэдэг байдлаар санал тавьсан. Үүнийг нь Аюуд компани хүлээж аваад, хамтын ажиллагаа эхэлсэн. Энэ тохиролцоогоор 19 давхар бүхий үйлчилгээний зориулалттай барилга барина. 2011 оны арванхоёрдугаар сард дуусах ёстой байсан. Хэдэн жилийн дараа талуудын хооронд маргаан гарсан гарсан. 

-Ямар?

-Барилгыг бүрэн барьж дуусгаагүй 70 хувийн гүйцэтгэл дээр очоод зогсчихсон. Үүнтэй холбоотой талуудын хооронд нийлсэн төлбөр тооцооны асуудал байдаг. Үүн дээр 7.5 сая ам.доллар гэж талууд гарын үсэг зураад, гэрээ байгуулсан. Би энэхүү дүнг яагаад хэлээд байна гэхээр Б.Энхбаяр сайд 100 хувь хөрөнгө оруулалт хийсэн, 10 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулсан гэж ярина лээ. Хаанаас, хэнээс ямар мэдээлэл аваад ингэж хэлснийг би ойлгохгүй байгаа. “Хуашен констракшн” гэдэг компанийн өмгөөлөгч Э.Ганхөлөг 2 зүйл л ярьдаг. Манай компани 10 сая орчим ам.доллар оруулсан. БНХАУ-ын иргэн Жан Дуны гарын үсгийг хуурамч гэж шинжээч дүгнэсэн байхад шүүх, цагдаагийн байгууллага шалгахгүй байна. Улсын бүртгэл хөрөнгийг нь буцааж шилжүүлэхгүй байна гэдэг худлаа мэдээллийг цацдаг. Яг түүнтэй ижил утгатай худал мэдээллийг би ХЗДХ-ийн сайдынхаа амнаас сонслоо. 

-Тухайн хуурамч гарын үсгийг баталгаажуулсан Нотариатч АНУ руу зугтсан гэж ярьсан. Тэр хүн хаана байгаа талаар та мэдэх үү?

-Хилээр гарсан эсэх асуудал Хууль зүйн сайдын харьяа байгууллага болох Хил хамгаалах газрын мэдэх асуудал. Тэр Нотариатчийг АНУ явсан, магадгүй зугтаж явсан гэж би бодохгүй байна. Хоёрдугаарт гарын үсэг хуурамч гэдэг асуудал миний мэдэхээр энэ хэрэгт Эрүүгийн журмаар ч тэр, Захиргааны буюу Улсын бүртгэлийн журмаар ч тэр хяналт шалгалтын ажиллагаанд удаа дараа оролцсон хүний хувьд хуурамч гарын үсэг, Жан Дуны гарын үсэг биш байна гэсэн шинжээчийн дүгнэлт нэг ч байхгүй. Энэ үгийг би “Хуашен констракшн” гэдэг компанийн өмгөөлөгч Э.Ганхөлөгийн амнаас л сонсож байсан. Манайхтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаа дараа явсан. Энд цугларсан баримтууд, Шүүхийн баримтууд, Захиргааны журмаар буюу Улсын бүртгэлийн байгууллагаас ирсэн шийдвэрүүд бүгд бий. Эрүүгийн хэрэгт цугларсан аливаа материал өмгөөлөгчийн хувьд ч тэр, хэргийн оролцогчийн хувьд ч тэр задруулах нь хуулиар хориотой. Гэтэл сайд хэргийн материалыг ярьсан. Тиймээс би нэг материал дээр тайлбар хийе. Улсын бүртгэлийн байгууллагад Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Э.Ганхөлөгийн гаргасан хүсэлт байдаг. СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад шинжээч томилсон байдаг. 2023 оны зургадугаар сарын 28-ны өдөр 2382 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан. Өмгөөлөгчийн зүгээс энэхүү дүгнэлттэй танилцсан. 2015 оны наймдугаар сарын 20-ны огноотой “Хуашен констракшн Монгол” ХХК, "Аюуд" компаниудын хамтарсан хурлын шийдвэр гэсэн нэртэй баримтын дунд хэсэгт “Жан Дун” гэсний урд зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Жан Дуны гэх гарын үсгийн чөлөөт харьцангуй туршилтын загвартай тохирохгүй байна гэдэг байдлаар шүүхийн шинжээч дүгнэсэн байна. Энэ шинжээчийн дүгнэлт гарсантай холбоотой “Хуашен констракшн” гэдэг компанид өмчлөх эрхийг нь шилжүүлж өгөөч ээ гэдэг хүсэлтийг гаргасан. Энэ шинжээчийн дүгнэлт яагаад гарсныг бид мэдэхгүй. Энэ ажил мэргэжлийн хувьд мэргэжлийн шинжээчийн гаргасан дүгнэлт. Гэхдээ бидний зүгээс энэ шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас яагаад ийм шинжээчийн дүгнэлт гарав гэдэг дээр үндэслэл бүхий эргэлзээ учирсан учраас энэ шинжээчийг АТГ-т шалгуулахаар гомдол гаргасан. Шинжээчийн дүгнэлт ярьсных тэр хамтарсан хурал нэртэй шийдвэр гэх үү, хэлцэл гэх үү. Түүний тамга нь таарч байна гэдэг. Өөр нэг хэлцэл дээрх гарын үсгийг шинжлэн судлах боломжгүй байна гэдэг хариу өгсөн байдаг. 

-Хувийн өмчийг дээрэмдэх энэхүү ажиллагаанд Улсын бүртгэл, хил хамгаалах газар, цагдаа хүчнийхэн бүгд оролцоотой гэж сайд ярьсан. Үүнийг тайлбарлавал?

-Улсын бүртгэлийн багц хууль 2017 онд шинэчлэн батлагдсан. Уг бүртгэл буюу Б.Энхбаяр сайдын хэлээд байгаа хууль бус бүртгэл хийсэн, дээрэмдээд бүртгэл хийсэн гэх асуудал 2015 оны бүртгэл. Энэ хуульд өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа багц хууль мөрдөгдөж эхлээгүй байсан. Өнөөгийн хуулиар 9 жилийн өмнөх бүртгэлийг үгүйсгэх ч гэх юмуу, буруутгах нь зохимжгүй гэж би харж байна. 2015 оны наймдугаар сарын 18-ны өдөр нэр бүхий компаниас санал ирсэн. Түүний дагуу гуравдагч этгээд оролцсон. Энэ бол талууд хүсэл зорилго дээрээ нэгдсэн бодит хэлцэл. 

-Сайдын хэлснээр 8 гомдол гаргасан. Нэг ч хэрэг үүсгэж шалгаагүй буцаасан, хаасан гээд байгаа. Тэр 8 гомдлыг ганцхан Хуашен гаргасан юмуу. Танай зүгээс гаргасан гомдол бий юу?

-Найман гомдол гаргасан 1 ч хэрэг үүсгэдэггүй, бүгдийг нь татгалздаг гэх байдлаар асуудлыг ярьж байна л даа. Манай салбарын сайд мэдээллийг дутуу аваад байна. Энд АТГ хэрэг бүртгэлтийн хэрэг 2 удаа нээсэн. СБД-ийн цагдаа дээр 1 удаа хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Нийтдээ миний мэдэхийн 3 удаа хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Маш олон бүлэглэл байгаа мэтээр төөрөгдөж, илт худал мэдээлэл цацаж, Хууль зүйн сайд салбараа үгүйсгэх, салбараа гутаах, ямар ч ор үндэслэлгүй мэдээлэл тарааж байгаад гайхаж байна. “Би бол багцаалж байна” гээд байгаа шүү дээ. Үнэхээр багцаалдаж байгаа бол би тантай гэх юмуу, "Аюуд" компани төрийн өндөр албан тушаалтантай хүч үзээд, өрсөлдөөд 2 талд яваад байх сонирхол байхгүй. Бидний зүгээс 2 компанийн хооронд үүссэн маргаан дээр Хууль зүйн сайд нь нэмэгдэж орж ирж байгаад харамсаж байна. 

-Засгийн газраас тогтоол гарсан гээд байгаа. Тэр ямар тогтоол юм бэ?

-Засгийн газрын зүгээс тогтоол гарсан. Энэ тогтоолын агуулга нь “Хуашен констракшн” компани Улсын бүртгэлтэй холбоотой гомдол гаргаад байна. Энийг нь хуулийн дагуу шалга гэсэн. Тухайн үед ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар байсан. Х.Нямбаатар сайд Улсын бүртгэлийн байгууллагад удаа дараа шилжүүлэх байдлаар шалгуулсан. Прокурорын байгууллагад ч шилжүүлж шалгуулсан. Энэ хүрээнд маш олон удаагийн гомдлууд яваад байгаа. Зөвхөн “Хуашен констракшн” компанийн гомдлоор 8 удаа шалгасан юм биш. 

-Арбитрын шүүх дээр энэ асуудлаар хэрэг үүссэн байгаа гэсэн. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэл авсан болов уу?

-Хонгконгийн олон улсын арбитрын шүүх дээр энэ асуудлаар маргаан үүсчихсэн явж байгаа. Яагаад гэвэл 2009 онд талуудын байгуулсан гэрээн дээр талуудын хооронд маргаан гарвал Хонгконгийн арбитрын шүүх дээр шийдвэрлэнэ гэж заасан. "Аюуд" компанийн зүгээс “Хуашен констракшн” компанийн нутагт нь Хонгконгод асуудлыг эцэслэн шийдвэрлэх гэрээнийхээ дагуу гэрээгээ дүгнэе гэдэг байдлаар хэрэг үүсчихсэн явж байгаа. Хонгконгийн арбитрын шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэгдэх байдлаар явж байгаа гэж бид мэдээллийг өгсөн. Тэр дагуу холбогдох сайддаа мэдээллийг өгсөн гэж би ойлгосон. Тэгтэл ямар ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй мэтээр, “Хуашен констракшн” компани хохирсон мэтээр нэг талд илт давуу байдлаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж байгаад харамсаж байна. 

-Тухайн компанийн гарын үсгийг хуурамчаар үйлдээд, баталсан нотариатч нь гадагшаа зугтсан гээд байгаа шүү дээ. Тэгвэл яг тэрхүү хэрэг чинь хамгийн том Эрүүгийн гэмт хэрэг болно биз дээ. Хуурамч гарын үсэг зурж, баталгаажуулан өмчийг шилжүүлсэн гэх гомдлыг “Хуашен констракшн” компани гаргасан зүйл байгаа юу?

-2018 онд Иргэний шүүхээр талууд маргаж байсан. 2023 он хүртэл нийт 5 жил маргасан. Энэ дунд нэг ч хуурамч гарын үсэг, нэг ч хуурамч баримт бичиг гэдэг асуудал яригдаж байгаагүй. Энэ баримт дээрх гарын үсэг тохирохгүй байна гэдэг байдлаар шинжээч дүгнэсэн. Гарын үсэг зурсан, хамтарч хуралдаад шийдсэн гэдэг байдлаар тайлбарлаж байсан гарын үсэг гэнэт яагаад 2023 онд тохирохоо больчихов оо. Үүнийг бид хардах эрхийн хүрээнд шалгуулъя гэсэн. Энэ хүмүүс 2018 оноос хойш хөрөнгөтэй холбоотойгоор маргаж эхэлсэн. Яагаад гэвэл төсөл 2018 оны долдугаар сард дуусангуут сар хүрэхгүй хугацааны дараа дууссан барилгын 60 хувийг авна гэдэг байдлаар маргаан эхэлсэн. 

-100 хувь барьж дуустал угтаа бол гурван компани оролцсон гээд байгаа шүү дээ. Түүнийгээ товч тайлбарлах уу?

-Эхний гурван давхрыг "Аюуд" компани барьчихсан байсан. “Хуашен констракшн” компани орж ирээд 70 хувийн гүйцэтгэлд хүргэсэн. Тэгээд хөрөнгө оруулалтаа зогсоогоод, барилгын ажил зогссон. 2015 он хүрсэн. Энэ хооронд хэд хэдэн удаа уулзаж, төслөө хэрхэн дуусгах талаар санал солилцсон. Ингээд гуравдагч хуулийн этгээдийн хөрөнгө оруулалтыг оруулах замаар 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа барилгаа 100 хувь дуусгах боломжтой юм байна гэдэг байдлаар шийдсэн. Ингэхэд гуравдагч хөрөнгө оруулагч 2 компанийн өмч бүхий үл хөдлөх дээр хөрөнгө оруулахгүй. Аль нэг талдаа гар гэсэн. Талууд зөвшилцөөд “Хуашен констракшн” компанийн хөрөнгө оруулалтыг өглөг, авлага байдлаар санхүүгийн тайландаа 2 компани тусгая. Ингэж тусгаад "Аюуд" компани өмчөө 100 хувь өөрийн нэр дээр авъя гэж шийдвэрлэсэн. Яагаад тэгж шийдсэн гэхээр “Хуашен констракшн” компанийн оруулсан хөрөнгийг бид тайландаа өнөөдрийг хүртэл “Хуашен констракшн” компанид өглөгтэй гэж тусгадаг. Харин “Хуашен констракшн” компани "Аюуд" компаниас авлагатай гэж өнөөдрийг хүртэл тайландаа тусгаад яваа. Өнөөдрийг хүртэл гэдэг нь манай компани дээр бол байгаа. “Хуашен констракшн” компани дээр одоо байгаа эсэхийг мэдэхгүй. Тухайн үед орсон байсан. Тэгээд гуравдагч компанийн хөрөнгө оруулалтаар барилга 100 хувь боссон. Гэтэл гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй үүргээ зөрчсөн этгээд гэрээгээ бүрэн биелүүлсэн мэтээр аашилж, дууссан барилгын 60 хувийг авна гэдэг байдлаар маргасан. Тиймээс л өнөөдрийн маргаан үүсээд байгаа юм. 

-Сайдын тайлбараар БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн булааж авсан. Үүнийг нь хэлэхээр хэвлэлийнхэн намайг хятад компанид үйлчилдэг гэж гүтгэдэг гэж ярьсан. Үүнд та тайлбар өгч болох уу?

-Б.Энхбаяр сайд хэвлэлийнхэнд тайлбар хийхдээ улсын бүртгэлийн нэр бүхий алба хаагчид сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай албан даалгавар гаргасны төлөө шоронд орох гэж байгаа этгээдүүд хэвлэлийнхэнд мөнгө цацаад, мөнгөөр санхүүжүүлээд намайг хятадуудын талд үйлчилж байна гэх байдлаар харлуулаад эхэллээ гэсэн утгатай зүйл ярьсан. Хэрэв Б.Энхбаяр сайд харж байвал үүнд нэг зүйл тодорхой. Сайд та талуудын хооронд хийсэн гээд байгаа шийдвэр, хэлцэл, гэрээнүүд дээр үндэслээд улсын бүртгэлд хамтран өмчлөгч байсан нь хасагдсан энэ хэлцлийн бүртгэлийг залруул гэдэг байдлаар Улсын бүртгэлийн газарт даалгасан. Өөрөөр хэлбэл буцаагаад “Хуашен констракшн” компанид шилжүүл гээд байна шүү дээ. Хууль зүйн сайд ийм даалгавар гаргах, ийм үүрэг өгөх хуулиар олгогдсон эрх байхгүй. Өөр бусад этгээд танилцахыг хориглоно гэж хуулинд цагаан дээр хараар бичсэн Улсын бүртгэлийн тухай хуулиа өөрөө зөрчөөд, ямар байдлаар танилцуулсан нь бидэнд мэдэгдэхгүй. Тэндээс гарсан дүгнэлт нэртэй баримтаар шилжүүл гэж шийдсэн. Бидэнд юу ч үзүүлээгүй. Баримтаар албан шаардлага үйлдлээ гэдэг хариу гарсан. Эхнээсээ энэ ажиллагаа хууль зөрчсөн. Хууль зөрчиж ажлын хэсэг хувийн хэрэгтэй танилцаж, хяналт шалгалт нэртэй ажиллагаа явуулаад, тэр нь ямар дүгнэлт гаргасан юм түүн дээр нь үндэслээд, Улсын байцаагчийн эрхэд халдаад, тэнд Улсын ерөнхий байцаагч ч явж байгаа шүү дээ. Хуулиар олгогдсон Улсын ерөнхий прокурор гэдэг юмуу, Улсын ерөнхий байцаагчийн эрхэд халдаад шууд тэр хүмүүсийн гаргасан шийдвэрийг өөрчил буюу залруул гэдэг байдлаар үүрэг даалгавар өгч байгаа нь илт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хуашен констракшн” компанид давуу байдал үүсгээд байна. Зөв үү, үгүй юу гэдэг байдлаар бид шалгуулах эрхтэй. Шалгуулах ёстой учраас бид АТГ-т гомдол гаргаад явж байна

-Мэдээж энэ олон удаа хэрэг үүсгээд шалгасан юм бол таныг "Аюуд" компанийн албан ёсны хуульч, эрх зүйн төлөөлөгч гэдэг үүднээс дуудаж мэдүүлэг авсан уу. Та тэдгээр гомдлуудтай нь танилцсан уу?

-Энэ хэргийн хяналт шалгалтын хүрээнд гомдол гаргасан байна гэж Хууль зүйн яамнаас бидэн рүү ярьсан. Түүний дагуу тайлбараа ирж өгч болно гэсэн. Би очоод гомдолтой нь танилцаад, түүнтэй холбоотой тайлбараа нотлох баримтын хамт өгье гэсэн. Тэгэхэд “Хуашен констракшн” компанийн гаргасан гомдлыг танилцуулахгүй гэсэн. Өмгөөллийн тухай хуулиар үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалахтай холбоотой төрийн байгууллага, төрийн бус байгууллагаас мэдээлэл лавлагаа авах эрхтэй гэж заасан. Үүнд төрийн, байгууллагын болоод хувь хүний нууц ч хамаарна. Магадгүй төрийн болон албаны нууцад хамаарч байгаа бол би танилцах байдлаар бусдад задруулахгүй гэж нууцын баталгаа өгөөд танилцдаг. Түүнийгээ үндэслэн үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж тайлбараа өгдөг. Ийм гомдол ирсэн гэдэг мэдээллээр хангаагүй. Энэ хөрөнгийг "Аюуд" компанид шилжүүлсэнтэй холбоотой баримтууд байна уу гэсэн. Би ерөнхийд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод явж байгаа хүний хувьд юу ярьдгийг нь мэддэг учраас 200 орчим баримтыг гаргаж өгсөн. Энд 5 жилийн хугацаанд шүүхээс гарсан бүх шийдвэр байгаа. АТГ болон Нийслэлийн прокурорын газраас ирсэн хариунууд байгаа. Гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн. Мөн Хонгконгийн арбитрын шүүх дээр яг ямар маргаан үүссэн бэ, маргааны дугаар хэд вэ гэдэг баримтыг өгсөн. Албан ёсоор орчуулаад өгсөн. Улсын бүртгэлийн газраас хяналт шалгалтын хүрээнд гарсан баримтууд болон шаардлагатай “Хуашен констракшн” компаниас өгсөн хүсэлтүүд, гомдлуудыг үүн дээр нь анхаараарай гэдэг байдлаар маш тодорхой 200 орчим баримтыг өгсөн. 

Энгийнээр хэлэхэд талуудын хооронд маргаан гардаг уу гэвэл гардаг. Энэ маргаан Хонгконгийн арбитрын шүүхээр эцэслэгдээд, шийдэгдээд дуусах ёстой. Үүнд улстөрч гэх юмуу улс төрд нөлөө бүхий этгээд оролцох шаардлагагүй. Асуудлыг Хонгконгод шийдэхээс өмнө энд ямар нэгэн байдлаар шийдэх гээд байна. Маргаан бүхий хөрөнгийг нэг талд шийдвэрлэж өгөх гэж улайраад байгаад бид цочирдож байна. "Аюуд" компанийн цаана ямар хүн байгааг би багцаалж байна гэж Хууль зүйн сайд яриад байгаа. Би багцаалж байна гэдэг байдлаар хуульч хүн асуудалд хандах нь утгагүй. Бүдүүн тоймоор олон нийтэд таалагдах үг хэлээд байх шаардлагагүй. Бид хуулиа барьдаг, хуульч хүмүүс шүү дээ. 

С.ОТГОНБАЯР

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19