Dark Light
Нийгэм | 2024-02-19

Малчдад туслах аян эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд нийт нутгаар цас ихтэй, өвөлжилт хүндэрч буйтай холбогдуулан малчдад туслах аян, хөдөлгөөн, үйл ажиллагааг байгууллага, иргэд, хамт олноороо эхлүүлж байна.

Монголын Үндэсний бөхийн холбооноос малчдад туслах “Хандивын барилдаан” зохион байгуулахаар шийдвэрлэсэн бол Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс мөн малчдад туслах ламын нарын аянг эхлүүлээд байна.

Тодруулбал, Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д. Жавзандорж лам Гандантэгчэнлин хийдэд “Насны Авшиг” хүртээх үеэр лам хуврага болон сүсэгтэн олонд хандан өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад хандив өгөхийг уриалж, лам нарын хандивын аяныг эхлүүллээ.

Аянд хийдийн лам, хуврагууд өргөл барьж байгаа бөгөөд сүсэгтэн олны хүсэлтээр хандивын аяныг нийтийн дунд зарлажээ. Хандивын аян шинийн 15-ныг хүртэл буюу бямба гараг хүртэл үргэлжлэх юм. Цугларсан мөнгөн тусламжийг ОБЕГ-тай хамтран зуд нүүрлэсэн аймгийн малчдад тараана гэж Гандантэгчэнлэн хийдээс мэдээлээд байна.  

Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулах хандивын барилдааны хувьд бүх орлогыг УОК-т хүлээлгэн өгөх бөгөөд нутаг орныхоо нэр алдрыг дуурсгаж байгаа бөхчүүд төрөлх сум, орон нутгийн малчдад туслах хандивын үйл ажиллагаанд оролцохоо илэрхийлж байна.

Зүүн аймгуудын нутгаар цас ихтэй, өвөлжилт хүндэрч, зуд болж буй сумдад тусламж үзүүлэхээр “Аялагч” авто клубээс малчдад чадах хэмжээгээрээ туслахаар Сүхбаатар аймгийг зорих гэж байна. Тус клубынхан туулах чадвар сайн машин, техникээ бэлдэж байна. Малчдад дулаан хувцас, түлээ, тэжээл хандивлах албан байгууллага хувь хүмүүс байвал нээлттэй холбогдож, хандивт нэгдэхийг уриаллаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19