"Увс аймгийн Зүүнговь сумын сургуулийн өрөвдөлтэй дүр төрх..." гэх бичлэг олон нийтийн сүлжээнд түгээд байна. Тухайн бичлэгт УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл сургуулийн температурыг тусгай хэмжигчээр хэмжиж, "2024 он болж байхад барилга дотор амнаас уур гарч байна шүү дээ. Амнаас уур гарч байгаа, 2 градустай орчинд хүүхэд хичээл ном хийнэ, өдөржингөө сууна" гэв. Түүнчлэн сургуулийн цонх мөстөж, гаднах орчин харагдахгүй болтлоо цантсан харагдана.
Энэ талаар тухайн сургуулийн сургалтын менежер Ж.Баянбилэг "Үнэхээр хэцүү байна. Хүүхдүүд малгай, бээлийтэй хичээллэдэг. 40 минутын хугацаанд хичээл заасан би хөлдчихөөд гараад ирдэг. Хүүхдүүд 7 цаг сууна. Манай сургууль 620 хүүхдийн хүчин чадалтай. Булан тохой бүрд нь халаагуур тавьсан ч хөргөгчийн температуртай байгаа нь барилгын чанартай холбоотой. Сургуулийн барилгыг засварлана гэдэг амлалтыг анх 12 жилийн өмнө улс төрчид өгч байсан. Тэр жил нэгдүгээр ангид орж байсан хүүхдүүд өдгөө 12 дугаар ангиа төгсөөд оюутан болж байна" гэсэн юм.
Сургууль цэцэрлэг барих стандартыг яаралтай өөрчлөх шаардлага тулгамдаад байгааг мэргэжилтнүүд ярьж байна. Засвар хийх дээ барилгын бригадтай гэрээ байгуулж, дулаалга хийлгэх нь буруу гэнэ. Урт насгүй, нэгээс хоёр жилийн дараа буцаад дулаан алдах, дээврээс ус алдах эрсдэл үүсдэг аж. Хамгийн зөв гаргалгаа нь тухайн барилгын газар дээр нь архитектур, мэргэжилтнүүд очиж, хэмжилт хийн, зураг төсөл гаргаж засвар хийх стандарттай байдаг юм байна. Орчин цагт барилга барих, засвар хийх хямд өртөгтэй өндөр чанартай олон арга бий болжээ. Сайн чанарын барилга, дулаан алдагдалгүй байшин барих боломжтой энэ үед 20-р зууны арга хэрэглэж, асар өндөр өртөгтэй төсөв гаргаж байгаа нь хүртээмж болон цаг хугацаа алдахад хүргэж буй.
Архитектур Н.Тэмүүжингийн ярьж байгаагаар "Сэргээгдэх эрчим хүчээр 600 хүүхдийн сургууль халаах шиг амархан юм байхгүй болсон. Гэтэл нүүрсээ хэмнээд төсөвтөө захирагдаад байна" гэсэн юм. Сумын сургуулиудын өрөвдөлтэй дүр төрх, сурагчдын эрүүл, аюулгүй суралцах эрх хөндөх сэдэв болжээ.
Б.ТҮВШИН
АДМИН








Нийгэм




