Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг Төв цэнгэлдэх хүрээлэнд үүссэн газрын асуудлаар мэдээлэл өглөө.
1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг хувьчилсан. Тэр үед 30 хувийг хувьчилж, 70 хувь нь Нийслэлийн харьяанд байсан. 2003 онд Нямдаваа гэдэг хүн 30 хувиа 49 хувь болгож Нийслэлийн хувь эзэмшил 51 хувь болсон байдаг. Тухайн үед 400 мянга гаруй төгрөгийн асуудлаас болж ТУЗ-ийнхан хуралдаад, иргэн Нямдаваагийн хувь эзэмшлийг 41 хувь болгосон байдаг. Иргэдийн төлөөлөгчдийн шийдвэрийг харалгүй ТУЗ-өөр шийдээд явчихсан. 2005 оноос Нийслэл давамгайлсан биш 49 хувийн оролцоотой болсон. Төв цэнгэлдэх ХХК-ийн эзэмшилд 38 га газар байсан. Түүнээс хойш 29 салчихсан.
Төв цэнгэлдэхийн одоо эзэмшиж байгаа газрын хэмжээ 12.6 га болчихсон. Гурав дахин багассан. Тойроод эдгээр эзэмшлүүд нь бүгд зарагдаад 29 салчихсан байгаа. Энэ бол ерөөсөө л газрыг зарж идсэн асуудал.
Нөхцөл байдлыг харахаар Төв цэнгэлдэх хүрээлэн жил бүр урсгал засвар хийдэг. Нийслэлээс засвар хийхээр жил бүр том төсөв тавьдаг. 2008 оноос хойш нийтдээ урсгал засвар, тохижилт, зам, хөрөнгө оруулалт гэх мэтээр 4.6 тэрбум төгрөг зарсан байна. Энэ мөнгө хувь эзэмшилд нь ер тооцогдоогүй. 400 мянга гаруй төгрөгөөр хувиа үнэлээд, 49:51 хувийн олонх байснаа больж байсан бол 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихээд яагаад Нийслэлийн хувь эзэмшил ихсэхгүй нөгөө газрын хувь эзэмшил их байгаад, ногдол ашиг олигтой өгдөггүй мөртлөө эргэн тойрны газрыг нь зараад өөрсдөө ашиг орлого олоод байдаг юм бэ гэдэг асуудал байгаа юм.
Төв цэнгэлдэх тойрсон газрын асуудлыг нэг үгээр хэлбэл шуналын асуудал л байгаа юм. Үүнийг би “Шунал хороолол” гэж нэрлэмээр байгаа юм.
Газрыг зориулалтын дагуу ашигласан уу, хугацаандаа хийж үү гэдгийг шалгана. Тэгээд эдгээр барилгыг зогсооё гэж бодож байна.
Хоёрдугаарт, автомашины зогсоолыг хийхдээ хууль зөрчсөн. Улаанбаатар хотын иргэдийн нийтийн эзэмшлийн талбайд авто зогсоол хийчихсэн. Тэр мөнгө Замын хөгжлийн санд төвлөрөх ёстой. Гэтэл тийм зүйлгүйгээр хийчихсэн байна. Тэгэхээр үүнийг болиулна, зогсооно.
Гуравдугаарт, урд байгаа хоёр дүнзэн байшин бий. Энэ нь хувийн эзэмшлийх юм шиг байна лээ. Үүнийг нь ямар зориулалтаар хэзээ барьсан гээд харахаар хотоос ямар нэгэн байдлаар зөвшөөрөл аваагүй. Ямар ч зөвшөөрөлгүй. Ямар нэгэн газрын ашиглах эрх аваагүй.
Мөн энэ хойно барьсан барилга ямар нэгэн зөвшөөрөлгүй. Энэ нь Төв цэнгэлдэх ХХК-ийн газар дээр баригдсан байгаа юм. Үүнийг нь Нямдаваа захирлаас асуухаар “Манайх биш” гэх хариуг өгсөн. Нийслэлээс ямар нэгэн зөвшөөрөл энэ барилгад өгөөгүй. Тэгэхээр үнэхээр Нямдаваа гэх хүн зөвшөөрөл өгөөгүй бол үүнийг нураах хэрэгтэй. Тэгэхгүй бол иймэрхүү маягаар дасгаж байгаад 1, 2 жил болгоод дараа нь үүнийгээ нураагаад өндөр байшин бариад газрыг нь авчихдаг. Тэгэхээр үлдсэн жаахан газрыг нь авах гээд бөөрөнд нь иймэрхүү байшин баригдчихаад удаж байна. Манай газрын алба үүн дээр ажиллаж байгаа.
С.ОТГОН
АДМИН








Нийгэм




