Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2024 онд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлдээ Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн талаар тусгаж УИХ-д танилцуулахаар ажиллаж байна.
Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатартай Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Б.Энхболд, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц нар уулзаж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн талаар харилцан санал солилцлоо.
Уулзалтын үеэр нийслэлийн хэмжээнд хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой эрсдэл, хохирол учруулж болзошгүй хүүхдийн тоглоомын талбай, гадна орчны стандартын шаардлага хангаагүй сургууль, цэцэрлэг, явган хүний зам болон шинээр баригдахаар төлөвлөж байгаа барилгуудын гадна орчны аюулгүй байдал, стандартыг мөрдүүлэх хэрэгцээ шаардлага байгааг талууд онцоллоо.
Комиссоос хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Нийслэлийн Засаг дарга болон харьяа агентлаг, байгууллагуудад Комиссын гишүүний шаардлагыг 2020 онд 1, 2021 онд 7, 2022 онд 3, 2023 онд 4 , Комиссын гишүүний зөвлөмж 2021 онд 7, 2022 онд 3, 2023 онд 3-ыг тус тус хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын зүгээс хөрсний бохирдол, агаарын бохирдлыг бууруулах, орчны стандартыг мөрдүүлэх бодлогыг баримтлан тодорхой хөрөнгө оруулалт, арга хэмжээг төлөвлөн ажиллаж байгаа болохыг танилцуулж, цаашид Комисстой хамтран ажиллахаар боллоо.
АДМИН








Нийгэм




