Dark Light
Нийгэм | 2024-02-29

Малчин Амараа, манвийл Пунцагаа, өгзгөнд ургасан өвс

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвөл дуусаагүй өдрүүдэд сошиал сүлжээнд манвийл Пунцагаа, малчин Амараа нарын бичлэг трэнд боллоо. Өрөөсөн гараараа ачааны машин асаасан манвийл гишүүн, өвс ачсан ЗИЛ-ийн кабинд суусан малчин сайдын бичлэгийг сая хүн үзлээ. Засагт ханы хөх эрчүүд шийр заасныхаа хүчинд шэйр чамгүй авлаа.   

Өгзөг Баярмаа гэгч бүсгүйн сошиал тайчих үзүүлбэрийг 1400 гаруй эр үзлээ. Өгзгөөр олсон мөнгөөр өвс хүлээж авсан анхны малчид анхдагчдын өлгий Булганыхан боллоо. Өгзөг Баярмаагийн садар самуун сурталчилж олсон орлогыг хурааж, торголоо. Өвс болсон орлогыг нь үхрийн гүзээ, адууны гэдэснээс яаж хураах вэ гэдэг өөрөө шог явдал боллоо. Нийтээрээ биш насанд хүрэгсэд мөнгөө төлөөд, өгзөг үзэх эрх чөлөө байна уу? ҮХЦ-ийн дарга үндэсний өгзөг үзэх биш гадаад өгзөг базаж аваад, ҮХЦ-ийн зүгээр гэх үү, зүгээргүй гишүүн болж хатуу хариуцлага хүлээсэн. Өгзөг базсан биш өгзгөө үзүүлсэн Баярмаа орлогоо хураалгаж, торгууллаа. 

Анхдагчдын өлгий Булганы бөхчүүд түүхэнд анх удаа Өлгийн казах залуучуудад ялагдсан анхны баг боллоо. Өнгөрсөн жил “Алтан цом” анхлан өргөх дөхсөн бол энэ жил Өлгийн бөхчүүдэд анхны ялагдсан аймаг болж анхдагчдын түүхээ үргэлжлүүллээ. 

Дотоод хонь хорогдсон бол гадаад хонь каракул малгай моодонд орж, хуучин Зөвлөлтийн моод Монголоор дуусаагүй, Монголд амьд байгааг харцгаалаа. 

Зуд гэдэг монгол үг нэршлээрээ НҮБ-д албан ёсоор бүртгэгдсэн байгалийн гамшиг юм. Нүүдлийн мал аж ахуйтай, нэг хүнд ноогдох газар нутаг хамгийн томтой, эрс тус уур амьсгалтай Монголд л онцгой хор урхагтай учраас НҮБ хүртэл монгол үгээр DZUD гэж  нэрлэдэг. Хотод үер усны аюул нүүрлэхэд, гааз хий дэлбэрэхэд танайх хувийн дэлгүүр өөрсдөө аргал, чинийх хувийн өмч өөрөө унтраа, сэлээд гар гэдэггүйтэй адил мал нь хувийн өмч ч гэлээ малчдаа орхих аргагүй юм. Малчин арчаатай, арчаагүйг тэнгэр хангай алагчилж ялгахгүй адилхан цасаар дарж, цасаар шуурч, төмөр зуд, цагаан зуд нүүрлэж байна. Хурга харчихаад ямар хөөрхөн ишиг вэ гэсэн чинь нөгөө тугал гээч гэж ярьдаг зарим хүн малчдаа ад шоо үзэж байна. Тэгж яривал монгол хүн бүр нүүдэлчдийн үр сад.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19