Dark Light
Нийгэм | 2024-03-06

Сурагчдаа гар хүрсэн гэх багш сэтгэлзүйчид ханджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

133 дугаар сургуулийн багш нэгдүгээр ангийн сурагчид гар хүрч гэмтээсэн гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст бүртгэж аваад шалгаж байна” гэв.

Ингээд 133 дугаар сургуулийн захирал С.Дэжидсүрэнгээс тодрууллаа. 

-Багш нэгдүгээр ангийн сурагчдаа гар хүрч гэмтсэн гэх мэдээлэлд та тайлбар өгөхгүй юу?

-Тухайн хүүхдэд гар хүрсэн гэдгээ багш өөрөө хүлээн зөшөөрсөн. Ямар гэмтэл авсан эсэхийг Шүүх эмнэлэг тогтооно. Шүүх эмнэлэгт хандсан гэдгээ ээж аав нь хэлсэн. Ямар гэмтэл авсныг бид мэдэхгүй. Гаднаас нь харахад мэдэгдэх зүйлгүй байгаа юм. Шүүх эмнэлгийн дүгнэлт маргааш гарах юм билээ. Тэр дүгнэлтээр л мэдэгдэх байх. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт, цагдаагийн байгууллагын шалгалтаар дараагийн алхмаа хийх байх. 

-Багш одоо ажлаа хийж байгаа юу?

-Яг өнөөдрийн байдлаар ажлаа хийгээгүй. Сурагч, багш хоёулаа сэтгэлзүйчид хандан эмчилгээ хийлгэж байна. Багш тэр үйлдэлдээ үнэхээр харамсаж байгаа. Өөрөө үнэхээр тэгж гэмтэхээр хүрээгүй гэж байгаа юм. 

-Тухайн хүүхдийн эцэг эхтэй та уулзсан уу?

-Уулзсан. Ингэж том асуудал болгомооргүй байна гэж байсан. Багш, сурагчийн эцэг эх хоорондоо уулзаад асуудлаа шийдэх байх.

133 дугаар сургуулийн захирал дээрх хариултыг өглөө. Тус сургуулийн нийгмийн ажилтан Н.Ариунаагаас тодрууллаа.

-Хүүхдийн биеийн байдал ямар байгаа вэ?

-Нэн тэргүүний асуудал бол хүүхдийн эрүүл мэнд. Ээж аав нь эмнэлгийн байгууллагад хандсан. Тодорхой хэмжээний гэмтэлтэй байна гэсэн. Шүүх эмнэлгийн эцсийн дүгнэлт гуравдугаар сарын 6-7-ны өдрөөс гарна гэсэн мэдээллийг өгч байна лээ. Миний хувьд сургалтын менежэртэйгээ хамтран хүүхдийн гэрт очиж нөхцөл байдлын үнэлгээ хийсэн. Хүүхдийн эрүүл мэндийг өдөр тутам хянаад, хичээл сургалтын үйл ажиллагааг тогтвортой хангах үүднээс ээж аав гэр бүлтэй нь, анги удирдсан багштай нь нарийн холбоотой явж байна. 

-Тухайн үед юу болсон юм бол?

-Багш дэвтэр тараагаад явж байсан юм билээ. Тухайн үед хүүхэд маань урд болон ард талын хүүхэдтэйгээ яриад байхаар нь хичээлдээ анхаараарай гэх маягаар анхааруулга хэлбэрээр л жаахан хүрсэн нь тэгж хүчтэй хүрнэ гэж бодоогүй байх. Тэгээд хичээлээ үргэлжлүүлээд орж байтал нөгөө хүүхдийн хамраас цус гоожчихсон сандраад л уучлал гуйгаад, цусыг нь цэвэрлээд, цамцан дээр туссан цусыг угааж, хатаагаад өмсүүлсэн байсан. Тухайн үед багш бүх хүүхдүүдийн өмнө тэр хүүхдээс уучлал гуйсан байна лээ. Тэгээд л нэн даруй хүүхдийн ээж аав руу утасдаад ийм зүйл боллоо гэж тайлбарлаад, эцэг эхтэй нь ярилцмаар байна гээд холбогдсон юм билээ. Хүүхдийн ээж нь нялх хүүхэдтэй болохоор ирэх боломжгүй байсан байх. Эгч нь ирээд асуудал болсон. Багш маань манай сургуулийн сайн багш нарын нэг. Тухайн үедээ хичээлээ цагтаа багтаах гээд л сандарсан үйлдэл гаргасан байх. 

С.ОТГОН


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19