Dark Light
Нийгэм | 2024-03-08

Тэд өөрийн хүслээр аниргүй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эмэгтэйчүүд гүйцэтгэх түвшинд түлхүү ажиллахаас удирдах түвшинд оролцоо дутмаг байна гэж хаа хаана аа л ярьж байна. УИХ-д эмэгтэйчүүдийн оролцоог хангахаар квот тогтоосон.

Бодит байдал дээр эмэгтэйчүүдэд удирдах албан тушаал хаших нь бүү хэл ажил хөөцөлдөөд явахад ч төвөгтэй байдал үүссээр. Жишээ нь, бүсгүйчүүд бичиг баримт хөөцөлдөөд албан газар орлоо гэж бодъё. Манай эрчүүд ороод ирэхлээр нь нүүр рүү нь харна, дээрээс нь доош гүйлгэж харна. Уг нь бүсгүй ажлаа бүтээчих гээд аминдаа их чухал юм ярина. Хүүхэн ярьж дуусаад босоод явтал харц доошлохоос хараа үл салгана. Хаалгаар гараад явахад нь бүр илүү нухацтай өнгийж ирээд л харна. Эмэгтэйн хоолой хэр уянгалаг гоё байсан бэ гэж бодохоос ямар ажил ярьчхаад гарсан нь тийм ч чухал биш. Ийм л хандлага нийгэмд дийлэнхдээ байдаг. Энэ хандлагын эсрэг эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэж буй.

Ямар ч байсан улс төрд эр ба эм гэсэн тэнцвэрийг ойролцоо болгох нь зөв. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн амьдралын туршлага, байгалиас өгөгдсөн чадвар ялгаатай тул бодлогын тэргүүлэх чиглэл нь мөн өөр байдаг. Тийм учраас эрчүүд уул уурхай, төмөр зам, санхүү эдийн засгийн асуудлыг нэн тэргүүнд тавьдаг бол эмэгтэйчүүд гэр бүл, хүүхэд, эрүүл мэнд, боловсрол, байгаль хамгаалал зэрэг асуудалд түлхүү анхаарал хандуулж, бодлого боловсруулах эрмэлзэлтэй байдаг нь судалгаагаар харагдсан байна билээ.

Гэвч эрх мэдэлд хүрч дуу хоолойгоо хүргэхэд эмэгтэй хүнээс нэлээд золиос шаардагдах нь хэвээрээ. Өөрийн ертөнцийн үнэт зүйлсээс татгалзах ч шаардлага гарна. Хонгор залуу нас, гоо сайхан, гоёмсог хувцаслалтыг хойш тавьж, хүчирхэг бадриун имижтэй болж байж тэр хүсээд байгаа даргын суудалд дөхнө. Гоолиг хөөрхөн байх уу, эсвэл мундаг дарга болох сонголт хэрэв амьдралд тохиолдвол ихэнх эмэгтэй өөрсдөө харин ширээ сандалтай зууралдахыг хүсэх ч үгүй.

Бичвэрийнхээ төгсгөлийг хамгийн алдартай эмэгтэй улс төрч Хилари Клинтоны номондоо бичсэн "Өмнө нь эмэгтэйчүүд бусдын хүслээр чимээгүй байдаг байсан бол орчин үед тэд өөрийн хүслээр аниргүй байна" гэх өгүүлбэрээр дуусгая.

Б.ТҮВШИН


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19