Dark Light
Нийгэм | 2024-03-12

Прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дүүргийн Прокуророос хоригдол Н.Н-ыг хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн.

Хоригдол Н.Н-нь 17 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдэж, шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 5 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 6 жил 4 сар 5 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 1.2 дахь заалтад “Ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын дараах хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно: ...таван жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг эдэлсэн бол” гэж заасан.

Дээрх хуулийн зүйл хэсэгт заасан “...Зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулсан...” гэсэн нь тухайн хоригдлыг хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах гол үндэслэл юм.

Уг шалгуур нь хоригдол ял эдлэх хугацаандаа хорих ангийн дотоод дэг журмыг сахиж, хөдөлмөрлөх үүрэг болон сургалт-хүмүүжлийн ажилд идэвхтэй хамрагдаж  байсан зэрэг асуудлуудыг нэг бүрчлэн авч үзэхээс гадна үйлдсэн хэрэгтээ хэрхэн гэмшиж гэм буруугаа ойлгон дүгнэлт хийж цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх гэсэн нөхцөл байдлуудыг харьцуулан дүгнэх учиртай.

Хоригдол Н.Н-нь 2005-2020 оны хооронд нийт 5 удаа ял шийтгүүлсэн байх бөгөөд үүнээс 4 удаа хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлж, 2 удаа Өршөөлийн хуульд хамрагдаж, 1 удаа хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна.

Тэрээр хамгийн сүүлд хоригдол Н.Н-нь 2014 онд хүнд гэмт хэрэг үйлдэн хорих ял шийтгүүлж, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан байхдаа дахин хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн болох нь тогтоогдож байна.

Иймд хоригдол Н.Н-нь эдэлбэл зохих ялаас тодорхой хугацааны ялыг эдэлсэн боловч зан байдлын хувьд засарч хүмүүжин дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх итгэл үнэмшил төрүүлэхүйц нөхцөл байдал, үндэслэл тогтоогдохгүй байх тул “хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох тухай” прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тоймыг бэлтгэсэн: Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Байгалмаа


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19