Хакухо Даваажаргалыг өмөөрч өмөлзөх нь хэтрээд өөрийнх нь өмнөөс нь Японы иргэншлээс татгалзууллаа. Ерөнхийлөгчид өргөдөл бичүүлж амжлаа, эхнэрээс нь салгачихлаа. Эх оронд нь, ээж, ах дүү нарт нь буцаан ирүүллээ. Эцгийнх нь нутаг Эрдэнэсант суманд амьдруулж байгаа ч хүн гарч ирлээ. Хакухо Монголдоо бүр мөсөн буцах тухай бодит мэдээ байхгүй боловч хүрээд ирээсэй гэсэн хүсэл оволзож байна.
Японы хэвлэлийн муу мэдээ Монголд бол сайн мэдээ болж хөрвүүлэгдэнэ. Японы сэтгүүлчид “За, арай ч дээ” гэмээр мэдээлэл бэлтгэж, Хакухогийн дэвжээн дэх дэглэлтээс эхлээд, хувийн амьдрал, хөнжил гудсыг нь сөхөх тусам Монголд “За, ашгүй дээ” болж хувираад байгаа юм. Жишээ нь, Хакуког монгол хүүхнээс хүүхэдтэй гэж Японд ёс зүй сануулахад Монголд манай Мөөеө аваргын удам тасрахгүй нь гоё гоё гэж өмөөрнө. Сошиал хэрүүл сүүлдээ олзлогдогч солилцох хэмжээнд хүрч, зөгийчин Томоког явуулж, М.Даваажаргалаа авчрах хөдөлгөөн болж хувирах нь элийрэл балайрал, илүү дэмийрэл юм. Монголд байгаа японоос, Японд байгаа монгол хэдэн мянгаар олон.
Таван настайдаа Японд очиж суурьшсан, 2 метр өндөр үлэмж биет Э.Даваанинж гэдэг залуугийн садизм сүмогийн түүхэн дээд амжилтын эзэн Хакухо аваргын дэвжээг хаах, алба тушаал бууруулах хэмжээнд хүргэсэн. Э.Даваанинж залуу бөхчүүдийн нүүр аманд жоомны хор, цавуу цацах, жорлонд түгжиж хорих, эмзэг эрхтэнд нь өшиглөх, нэг дор 20 ширхэг бургер идүүлэх зэрэг харгис дэг зохиож байсан тухай арлын Японд ид шуугиж байна. Э.Даваанинж толгой бөхийн буруугаа хүлээж, зодог тайлсан ч багад нь онгоцны буудалд таарч, хожим нь багш нь болсон М.Даваажаргалд лай ланчиг нь туслаа.
Энэ бүхнийг харж хянаж, зогсоож журамлаагүй гэж Хакухог шийтгэн, Миягино дэвжээгээ бүр мөсөн хаах эсэхдээ тулж, удирдах эрхийг нь хасаад байгаа юм.
Япончууд олон зууны өв уламжлал, ёс зүйгээ хатуу сахидаг, хүний урьдын алдар гавьяа үл хамааран хариуцлага тооцдог. Нөгөө талаар үндэсний спортоо монголчуудын ноёрхолд алдсан өш хорсол ч нуугдаж байгаа нь гарцаагүй. Монгол үндэсний бөхөд гадаад дархан аваргууд толгой дараалан төрж, түрүү үзүүр булаалдвал дэнж хотойх нь бүү хэл дэлхий хөмрөх шахуу юм болно. Сүмо уламжлал, шинэчлэл хослуулсан бөхийн төрөл боловч дундад зууны үеийн спорт 21 дүгээр зуунд бүрэн тохирч нийцэхгүй байх нь ч зүй ёсны хэрэг юм.
АДМИН






Нийгэм




