Улаанбаатар хотын туршилтын туулай иргэддээ энэ өдрийн мэндийг хүргэе. 2024 оны 3-р сарын 12-ны мягмар гарагийн орой Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод олон нийтийг хамарсан онцгой нэгэн ээлжит туршилт явагдлаа. 120 мянгатаас Төв шуудан, Хан-Уулын И-мартаас Шангри-Ла хүртэл хойноос урагш, урдаас хойших замын урсгалыг гэв гэнэт, гэнэдүүлэн хууран өөрчиллөө. Нэгэн том хөшөө бол гэдэг шиг гэртээ харих гэж явсан мянган мянган хүн нэгэн зэрэг машин машиндаа туулай болцгоолоо. Наашаа 3, цаашаа 1 гэдэг наадам нь найр, тоглоом нь шоглоом болж хувирлаа. Хотын иргэд урсгал сөрөөд байна уу, дагаад байна уу гэдэгтээ эргэлзэж, ажлаасаа гэртээ үдшийн бүрийгээр харьцгаалаа. Хотын дарга өглөө нь гэрээсээ ажилдаа ирээд урд орой юу болсныг мэдсэнгүй гэж улаан амиа хоохойллоо. Хотын иргэдийг, хотын даргатай нь хамт гэнэдүүлсэн гэнэтийн нууц биш нууц туршилтын эзнээр Тээврийн цагдаагийн дарга Б.Оюутболд тодорч, мөн л гэнэдэж гэнэт огцрохоор болж дууслаа.
Гадаадад туршилт хийхээсээ өмнө хэлдэг. Дотоодод туршилтаа хийсэн хойноо хэлдэг. Гадаадад туршилтаа эхэлж хэлээд тэгээд хийгээд, тэр чигээр нь үргэлжлүүлэх нь их. Дотоодод хийчихсэн хойноо хэлээд, хэлсэн хойноо буцдаг. Гадаадад туршилтын хохирлыг эд мөнгө, сэтгэл санаа, алдагдсан боломж, оройтсон хоол, хожимдсон болзоо учрал гэх мэт бүх хохирлыг нарийн ширийн тооцдог. Дотоодод бол аль нэг хүнээр туг тахиад, туршилтаа зогсоогоод, амар сайхандаа жаргадаг. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатар бол гайхамшигтай сюрпризийн эзэн биш гутамшигтай сүр прайзын хот билээ.
АДМИН






Нийгэм




