Dark Light
Нийгэм | 2024-03-15

ЦЕГ: Хар тамхины хэрэгт насанд хүрээгүй 100 хүүхэд холбогдсон

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЦЕГ-аас гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэв.

Урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Ариунгуа: Өнгөрсөн 14 хоногт шалгасан гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг танилцуулъя. Нийт 36889 хэрэгт Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс 606 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Прокурорын байгууллагад хүргүүлэн ажилласан. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг болоод өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлж байна. Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг дундаж хувийг эзэлжээ. Бусад гэмт хэрэг бага хувийг эзэлсэн байна.   

Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Х.Түвшинбаяр: Мал хулгайлах гэмт хэргийн талаар эхлээд мэдээлнэ. 2023 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 643 мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 135 нэгжээр буюу 17.4 хувиар буурсан үзүүлэлт. 2024 оны эхний 2 сарын байдлаар улсын хэмжээнд 119 энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 35.9 хувиар буурсан үзүүлэлт юм. 

Хоёрдугаарт, хар тамхи сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн талаарх мэдээллийг өгье. Сүүлийн 2 жилийн хугацаанд Монгол Улсын хилээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан хэргийн 75 хувь нь “Хавирган сар” бүлэглэл буюу Пакистан, Афганистан, Мяьнмар, Тайланд, Лаос, Гана, Нигэр, Судан зэрэг улсын бүс нутгуудаар дамжин Турк улсын хилээр манай улс руу чиглэсэн байгаа юм. НҮБ-аас манай 2 хөршийг “Шинэ төрлийн мансууруулах бодис үйлдвэрлэх эрсдэлтэй” гэж зарласан. БНХАУ-д судалгаа хийхэд хар тамхи хэрэглэдэг 3 сая хүн байна, жилд 40 мянган хүн нас бардаг судалгааг гаргачихсан. ОХУ-д жил бүр хар тамхины улмаас 7 мянган хүн нас бардаг. Сүүлийн 2 жилд хар тамхи үйлдвэрлэдэг 47 лаборатори нэмэгдсэн. Ийм харамсалтай мэдээлэл 2 хөршийн хувьд байна. Сүүлийн 2 жилд манай улсад нэвтэрсэн хар тамхины 47 хувь нь Хятад улсаар дамжиж орж иржээ. Гадаад нөхцөл байдал ийм байна. 

Дотоод нөхцөл байдлын мэдээлэл өгье. Сүүлийн 7 жилд манай улсын нутаг дэвсгэрт мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн эргэлттэй холбоотой 1523 гэмт хэрэгт 1945 хүн холбогдсон.  2021 онд энэ төрлийн гэмт хэрэг 187 бүртгэгдсэн бол 2022 онд 230, 2023 онд 238 бүртгэгдсэн байгаа юм. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 80 хувь нь Улаанбаатар хотод, 20 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Хүйсийн хувьд 88 хувь нь эрэгтэй хүн үйлджээ. Насанд хүрээгүй 100 хүүхэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдоод байна.

С.ОТГОН


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19