Дорнод аймагт зорчиж явсан эмэгтэй бие засахаар автомашинаас буух үед жолооч нь мартаж, үлдсэн гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад гуравдугаар сарын 16-ны өдөр бүртгэгдсэн. Тухайн хүнийг холбогдох байгууллагуудтай хамтран 25 автомашин, 100 гаруй хүнтэй эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байдаг. Ингээд маргааш өдөр нь Хилийн цэргийн 0132 дугаар ангийн эрэн хайх бүлэг эсэн мэнд олсон юм.
Энэ талаар Дорнод аймгийн хилийн цэргийн 0132 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Ж.Батболдоос тодрууллаа.
-Машинаас бууж үлдсэн эмэгтэйг танай ангийнхан олсон. Тухайн үед яаж олсон талаар тодруулахгүй юу?
-Халхгол сумаас хөдөлгөөн үйлдэж яваад, машинаасаа бие засахаар буух хооронд жолооч нь мартаад хөдөлчихсөн байсан. Аймгийн төвөөс 120 км зайтай. Тухайн өдөр их шуургатай, хүйтэн өдөр байсан. Тэр шөнөө мэдэгдээгүй юм билээ. Өглөө эрт манайх руу мэдэгдсэн. Манай хилийн нэгдүгээр заставаас эрэн хайх бүлэг гараад, тэр эмэгтэйг эвдэрсэн машины кабин дотроос олсон. Тэгээд заставын байрандаа авчраад, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, хооллож ундалсан. Тэр оройноо бид цагдаа болон ар гэрт нь мэдэгдэж, хүлээлгэж өгсөн.
-Хэдэн цагийн үед тухайн машинаас үлдэж хоцорсон юм бол?
-Нэлээд шөнө дунд л тэр машинаасаа хоцорсон юм билээ. Бид маргааш өдөр нь 16:00 цагийн үед олсон. Тэр болтол эвдэрхий машины кабинд сууж байсан юм билээ. Манай заставын орлогч дарга Алтаншагайгаар ахлуулсан эрлийн бүлэг олсон байгаа. Тэгээд бид яаралтай аймгийн Засаг даргын тамгын газар болон цагдаад олсон тухайгаа мэдээлсэн.

-Олох үед нь тухайн эмэгтэйн эрүүл мэнд болоод сэтгэл санаа нь хэр байсан бол?
-Биеийн эрүүл мэндийн байдал сайн байсан. Машинд дайсан хүнд илүү авч явсан муу хувцаснууд байсан юм шиг байна лээ. Түүнийг нь өмсчихсөн сууж байсан. Маш их даарч, өлссөн байсан. Тэгээд манайхан яаралтай заставтаа авчирсан. Улсын хилээс ердөө 20-хон км-ын зайтай олдсон. Шууд заставтаа татаж авчраад, хоол унд идүүлж, биеийн эрүүл мэндийг үзэж, даралтыг хэмжсэн. Бүх зүйл нь хэвийн байна гэж эмч хэлсэн. Тэр орой нь амрааж байгаад аймгаас бүлэг ирэхэд нь хүлээлгэж өгсөн.
С.ОТГОНБАЯР
АДМИН








Нийгэм




