УИХ-ын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 18-нд өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: -Монгол Улсын 10 аймаг, 37 сумд төмөр зуд, 16 аймгийн 130 сум нь цагаан зуд, 14 аймгийн 49 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт цагаанаар зудрахуй нийт 21 аймгийн 216 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт хаваржилт хүндэрсэн байгаа. Иймд зудын хүндрэлд нэрвэгдсэн иргэдэд ирэх дарамтыг бууруулах, малын тэжээл, тэжээлийн нэмэлтийн үнийг тогтворжуулахын тулд гаалийн албан татвараас чөлөөлөх шаардлага үүсээд байгаа.
Монголчуудын хүнсний гол хэрэглээний нэг болох гурилын үнэ сүүлийн дөрвөн жилд 2 дахин өсөөд байна. Гэвч гурилын гол түүхий эд болох улаанбуудайн үнэ сүүлийн дөрвөн жилд 24.4 хувиар өсжээ. Энэ нь гурилын зах зээлийн үнэ зүй бусаар тогтож, өрсөлдөөн хязгаарлагдсан байна гэх дүгнэлтэд хүргэж байна. Иймд үнийн өрсөлдөөнийг дэмжих гол нэрийн бүтээгдэхүүнээ хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор импортлох мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулсан.

Гурилын үйлдвэрүүд тариаланчдаас дунджаар тонн улаан буудайг 700 мянга орчим төгрөгөөр авдаг. Буудай нь 1 кг гурил үйлдвэрлэхэд 90 хувийнх нь өртгийг бий болгодог зүйл. Гэтэл 700 төгрөгөөр авсан буудай гурил болоод 3000 төгрөг хүртэл үнэ нь өссөн байна. Энэ нь төрөөс үзүүлж байгаа шат шатны дэмжлэг, туслалцаа хэтэрснийг харуулж буй хэрэг. Бүх шатанд нь хөнгөлөлттэй зээл дэмжлэгийг үзүүлсэн. Эцсийн дүнд нь иргэд үнэтэй гурил хэрэглэж байгаа тул энэ байдалтай Засгийн газар эвлэрэхгүй.
Сүүлийн нэг жилийн хугацаанд ШӨХТГ-аас энэ асуудалд анхаарал хандуулан, гурилын монополь үйлдвэрүүд үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн талаар акт тавиад ч арга хэмжээ авч чадахгүй байна. Иймд Засгийн газар гурилын импортын татварт хугацаа, хэмжээ заахгүйгээр тэглэж, энэ асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзсэн. Учир нь тодорхой хугацаа, хэмжээ заасан шийдвэр гаргавал үүнд нь нийцүүлэн аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ багасгаж, хомстол бий болгодог. Засгийн газар цаашдаа тариаланчдын үйл ажиллагаа явуулах нөхцөлийг дордуулахгүй байх тал дээр анхаарал тавина.
Хуулийн төслийн хүрээнд гурилын импортоос аж ахуйн нэгжүүд хэдэн төгрөгийн ашиг олох нь чухал биш, харин зах зээлийн зарчмаар бодит үнэ тогтож, гурил гурилан бүтээгдэхүүн ард иргэдийн амьжиргаанд дарамт болдоггүй байх нь Засгийн газрын хувьд чухал.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун: -Гурил, улаан буудай нь стратегийн гол хүнс. Салбарын яамнаас гурилын татварын асуудалд долдугаар сарын нэгний өдөр хүртэл хугацаа заасан санал өгсөн. Одоогоор 20 мянган тонн гурилыг баруун аймгуудаар оруулаад эхэлсэн тул дахиад 25 мянган тонныг бусад боомтоор оруулах санал өгөөд байгаа.
Монголын тариаланчдын холбооны ерөнхийлөгч, ахмад тариаланч Ч.Пэрэнлэй: -Бид гурилын үнийн талаар ярихгүй. Газар тариалан бол өмнөх салбар. Гурилын импортын татварыг тэглэх шийдвэр гаргаж гаднаас гурил орж ирвэл, гурилын үйлдвэрүүд нь будаагаар дүүрэн байгаа. Тариаланчдын агуулахад ч тодорхой хэмжээний будаа байгаа. Тэгэхээр дотоодод үйлдвэрлэл зогсоно. Тариаланчдын хувьд энэ жил өвөрмөц жил. Таван луу жил өнгөрөөд, бид зургаа дахь луу жилийнхээ тариа тарих гэж байна. Луу жилүүдэд ургац муугүй байдаг. 1988 оны луу жил хамгийн өндөр ургацтай жил байсан. 2000, 2012 мөн ургац сайн авсан.
Ийм хүсэл эрмэлзэлтэй тариалалтаа эхлэх дөхөж байгаа үед тариалангийн салбараа битгий унагаасай гэж ахмад тариаланчийн хувьд сэтгэл зовнин мэдээлэл өгч байна. Импортоор 200 мянга гаруй тонн будаа оруулах шийдвэр гаргасан. Тэр шийдвэр хоёр жил дараалан тариаланчдын борлуулалтад маш их нөлөөлсөн. Одоо гурилын татварыг тэглэж, гурил ороод ирвэл Монголын газар тариалангийн салбар дахин уналтад орно. Бид нар хоёр жил үйлдвэрлэл явуулж байж нэг жил ургац авдаг. Ийм урт хугацаанд үр дүнгээ өгдөг. Иймээс Засгийн газар шийдвэрээ бодож гаргах байх гэж найдаж байна.
АДМИН








Нийгэм





