Монголын улаан загалмай нийгэмлэг 2023-2024 онд зудын хариу арга хэмжээний хүрээнд үзүүлсэн хүмүүнлэгийн тусламж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.
Монголын улаан загалмай нийгэмлэг 03 дугаар сарын 18-ны байдлаар зудын гамшигт өртсөн 21 аймгийн 7200 малчин өрхөд бэлэн мөнгө, малын эрдэст тэжээлийн багц, хүнс, ариун цэврийн багц нийт 3,8 тэрбум төгрөгийн тусламж үзүүлсэн байна.
Энэ талаар Гадаад харилцааны сайд, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Б.Батцэцэг “Малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхдээ зудын нөхцөл байдлыг үнэлж малын хорогдлын тоо, өрхийн амьжиргааны эмзэг байдлыг харгалзан үзэж тусламжаа давхцуулахгүй олгож байна. Энэ хүнд үед малчдад туслах хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаанд идэвх, санаачилгатай оролцож байгаа гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэддээ гүн талархал илэрхийлье” гэв.
Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Олон улсын Улаан загалмай, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сан, Австралийн Засгийн газар, Австралийн Улаан загалмай, БНХАУ-ын Улаан загалмай, БНХАУ-ын Элчин Сайдын Яам, “Бадрах Энержи” ХХК, БНСУ-ын Засгийн Газар, Гадаад харилцааны яам зэрэг байгууллагуудын дэмжлэгээр дээрх 7200 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлээд байна. Үүнээс гадна иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хандив, дотоодын нөөц бололцоог ашиглан цаашид зудын гамшигт өртсөн 10,000 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр ажиллаж байна. Малчдад дан тусламж үзүүлэхээс гадна малчдын амьжиргааг дэмжих, зудын хохирлыг барагдуулах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд гол анхаарлаа хандуулна" гэв.
Энэ үеэр Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос Монгол улсын зудын гамшигт нэрвэгдсэн малчин иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор Олон улсын уриалга гаргаж, хөрөнгө босгох ажлыг хийж эхлээд байгааг мөн дурдсан юм.
АДМИН








Нийгэм




