“Олон хүн угаартсан байдалтай нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад гуравдугаар сарын 23-ны өдрийн 03:17 цагт бүртгэгджээ.
Хэргийн мөрөөр сурвалжиллаа.
Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороонд манай сурвалжлах баг очлоо. Тухайн хэрэг болсон газрын хаягийг зам дагуу хүмүүсээс сурагласаар нэлээд өгсүүр зам руу яваад орчихов. Гурван машин халтирч мөргөлдөн зам хаагдсан байв. Тиймээс бид машинаа үлдээн дээш алхлаа. Ийн дэлгүүрийн худалдагчаас эхлээд усны тэрэг түрсэн хүүхдээс ч асуусаар хэргийн газраас таван алхам хүрэхгүй газар дөхөж очсон байв.
Тухайн гудамжинд нохой хуцахаас өөр дуу чимээ үл гарна. Хаа нэг худгийн ойролцоох бор дэлгүүр рүү ганц хоёр хүн орохоос өөр хөл хөдөлгөөн алга. Дэлгүүр рүү ороход ахимаг насны эрэгтэй хүн тооны машин, бичиг цаас өрчихсөн сууж байлаа. Түүнээс “Танай энэ хавиар нэлээд хүнд хэрэг болжээ дээ” гэж асуухад “Айхавтар ч юм болсон доо” хэмээн халаглав.
-Хэрэг болсон хашаа нь хаах нь байгаа вэ гэхэд,
-Урд харагдаж байгаа тэр машин эргэж байгаа хашаа хэмээн гараараа зааж өглөө. Хашааны хаалга дотроосоо түгжээтэй байх ч, хүн байгаа шинжгүй. Орчин тойрныг ажиглахад цагдаагийн аюулгүйн тууз ажиглагдсангүй. Энгийн л нэг гэр хорооллын хашаа үзэгдэнэ. Машин орох том хаалгаа цэнхрээр буджээ. Ойр хавиар нь хүн явах эсэхийг хэсэг ажлаа. Нэг машин тэр дороос арай гэж дээш өгссөөр яг нөгөө айлын үүдэнд хий эргээд зогсчихов. Хэсэг хаазалж явсаар хойно байх хашааны үүдэнд зогслоо. Дотроос нь хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүн бууж ирээд нөгөөх эзгүй хашааны хаалгыг нүдэв. Би ч “Та энэ айлын хүн үү” гэсээр явж очлоо.
-Бид энд нэг байшинг нь түрээслэдэг байсан юм. Юмаа авахаар ирлээ.
-Энэ айлын хүн ирэх юм уу?
-Уг нь ирнэ гэсэн. Утсаа авдаггүй хэмээн ярилцаж байх хооронд эрэгтэй нь хашааг давж ороод хашааны хаалгыг дотроос нь онгойлгов.
-Би хашаа руу ороод харчихаж болох уу? хэмээн зөвшөөрөл аваад орлоо. Шөнөөс орж эхэлсэн цас энд болсон уйтгарт явдлыг ор мөргүй болтол нь нэвсийн даржээ.
-Нохойтой шүү. Уяатай байх. Тэр ахаас нохой нь л үлдлээ дээ гээд үлдсэн үгээ залгин зогсов.
Нохой уяатай байх ч биднийг харан хэвтэнэ. Гэвч дуу огт гаргасангүй. Хашааны баруун хойд буланд жорлон нь байрлах аж. Түүнээс арваад метрийн зайнаас эхлээд цэнхэр өнгийн шохойгоор будсан урт байшин хашааны хойд хэсгийг тэр чигт нь эзэлжээ. Баруун талын арай том байшинд түрээслэгчид 6 хүүхдийн цуг амьдардаг аж. Талийгаач зүүн талын арай жижигхэн байшинд амьдардаг байж. Хоёр жижигхэн цонхтой юм. Цонхоор нь шагайж үзлээ. Ундуй сундуй эд хогшлууд нь гэрэл муухан ёлтойх байшинд үзэгдэв. Эзэн нь орхиод явсан байшин бүүдгэр ч юм шиг санагдан, дотор эмзэглэл төрөөд цааш харж чадсангүй.
Эргэж түрээслэгчид рүү очлоо.
-Тухайн үед та бүхэн гэртээ байсан уу?
-Байсан. Айлын ах хэдэн найзуудтайгаа тэр өдөр уусан. Бид ч энэ айл руу орж, гараад байдаггүй. Шөнө 03:00 цагийн үед л байх хаалга нүдэх чимээнээр сэрсэн. Хажуу айлд тэр эмэгтэй ирсэн юм билээ. Нэлээд сандарсан байртай “Хажуу айлд чинь байгаа хүмүүс бүгд ухаангүй байна” гэсэн. Тэгээд л цагдаа сэргийлэх болсон. Бид ч 0-15 насны 6 хүүхэдтэй айл. Хажуу хавирганд тийм аймар зүйл болчихоор нь тэр шөнөдөө хүүхдүүдээ дагуулаад явсан. Байшин түрээслүүлдэг хүн өчигдөр залгаад, маргааш очиж юмаа аваарай гэсэн. Тэгээд л эд зүйлээ авахаар ирсэн нь энэ.
-Энэ айлын хүний хамаатан садан юмуу. Ямар холбоотой хүмүүс юм бол?
-Садангийн улсууд л гэсэн. Нас бардаг ах бидэнд түрээслэдэггүй. Ах нь бололтой хүнтэй л бид харьцаж түрээс мөнгөө төлсөн юм.
-Энд байсан хүн ямар ажил байсан юм бол?
-Ажил төрөл хийдэг байсан эсэхийг нь мэдэхгүй юм. Ямартаа ч тэр шөнө ирсэн эмэгтэй ирж мэдээгүй бол бид энэ айл руу орж гардаггүй. Мэдэхгүй хэд ч хонох байсан юм билээ. Бодохоор аймшигтай санагдах юм.
Хашааг тойруулж нэг ажлаа. Зүүн талд байшинд хэрэглээд үлдсэн болов уу гэмээр овоо хэдэн блок овоорч үлджээ. Талийгаачийн байшингийн хаалганы урд зуух тавиад гал түлсэн зүйл ажиглагдана. “Өчигдөр хамаатан садан, ах дүүс нь энд цуглаж гал түлсэн юм гэнэ лээ” хэмээн хоёр эмэгтэйн нэг нь хэлэв. Байшингаас жаахан урдхан нэг шон зоосонд нохойгоо уяж үлдээжээ. Хашааны урд зах нь өнжүүл өвсний үлдэгдэлтэй байх аж. Энд юу болсныг мэдсэн гэлтэй нохойны харц нэг л гунигтай. Дуу ч гаргахгүй биднийг даган ширтсээр хэвтэх нь сонин.
ӨНӨӨДӨР АЖИЛ ЯВДЛЫГ НЬ ХИЙЖ БАЙГАА
Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг тодруулахаар Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хорооны дарга С.Очиртой ярилцлаа.
-Гуравдугаар сарын 23-ны шөнө танай хороонд 10 хүн угаартаж нас барсан хэргийн талаар тодруулах гэсэн юм. Тухайн үед юу болсон талаар хорооны иргэдээс сонссон уу. Яг хэдэн хүн тэнд байсан юм бол?
-Цагдаагийн мэдээнээс манай хороонд 10 хүн угаартаж нас барсан гэдгийг өнгөрсөн хагассайн өдрийн өглөө мэдсэн. Хоёр нь манай хорооны иргэд бусад нь өөр газрын хүмүүс юм билээ. Тэдгээр хүмүүсийн талаар сайн мэдэхгүй. Хувь хүний нууц учраас дэлгэрэнгүй яримааргүй байна.
-Танай хорооны хоёр иргэн гэр бүлтэй байсан уу. Ямар хүмүүс байсан юм бэ?
-55 настай тухайн байшингийн эзэн манай хороонд шилжиж ирээд арав гаруй жил болсон. Ганцаараа л амьдарч байсан. Үр хүүхэдтэйг нь сайн мэдэхгүй байна. Нөгөө хүн нь сургуулийн насны нэг хүүхэдтэй.
-Ямар ажил хийдэг хүмүүс байсан бэ?
-Ажил төрөл айхавтар хийж байгаагүй. Би тэр хүний талаар өөр зүйл яримааргүй байна. Ёсзүйгээ бодоод.
-Ажил хийдэггүй байсан гэхээр хорооноос ямар нэгэн тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамж авдаг байсан уу?
-Тухайн үед ял эдэлж гарч ирээд хорооноос гэрийн буцалтгүй тусламж авч байсан юм билээ. Нийслэлийн нийгмийн хамгааллын тусгай төв гэж бий. Түүгээр нэг удаа үйлчлүүлж байсан бүртгэл байна лээ. Бусдаар Халамжийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн насны хүмүүс байсан учраас өөр тусламж дэмжлэг, халамж авдаггүй байсан.
-Та ар гэртэй нь уулзсан уу. Хороо, дүүрэг, нийслэлээс эмгэнэл илэрхийлж, тухайн гэр бүлүүдэд нь хандсан зүйл байгаа болов уу?
-Нас барсан хүмүүсийн ар гэр нь Нийслэлийн засаг даргад хандсан юм билээ. Тэгээд Нийслэлийн Засаг дарга, дүүргийн Засаг дарга, албаны улсууд эмгэнэл албан ёсоор илэрхийлээд буцалтгүй тусламж өгсөн гэсэн мэдээлэлтэй байгаа. Өнөөдөр ажил явдлыг нь хийж байгаа. Миний хувьд ширээ сандал, ард юу дутагдаж байна түүгээр туслаад явж байна. Хүний л амьдрал болсон хойно туслах зүйлүүд байгаа шүү дээ.
-Тухайн үед дуудлага анх ямар хүн өгсөн юм бол?
-Түүнийг нь сайн мэдэхгүй. Цагдаагийн байгууллагаас ажиллагаа явуулж байгаа учраас нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
С.ОТГОНБАЯР
АДМИН








Нийгэм




