Нийслэлийн Онцгой байдлын газраас өнөөдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар принт” ХХК-ны байранд гал унтраах тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа.
Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гал түймэр унтраах дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, тухайн объектод гарсан гал түймрийг унтраах, арга зүйн тактик, онцлогийг судлах, шаардлагатай хүн хүч хэрэгслийг тооцоолох, гал түймэр унтраах, аврах ангиудын харилцан ажиллагааг бэхжүүлж алба хаагчдын сэтгэл зүйн болон бие бялдар, тэсвэр хатуужлыг сайжруулах, тухайн объектын ажилчдын хамтын ажиллагаа, дотоод зохион байгуулалт, гүйцэтгэх үүрэг, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглан гарсан гал түймрийг богино хугацаанд хохирол багатай унтраах дадлага эзэмшүүлэх зорилготой юм.

“Улаанбаатар принт” ХХК-ны ажилтан, албан хаагчид тус дадлага сургуульд идэвхитэй оролцож, гамшгаас урьдчилан сэргийлэх, өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар мэдлэг эзэмшлээ.
Сүүлийн жилүүдэд нийслэлийн хүн ам, барилга байгууламжийн нягтаршил нэмэгдэж байгаатай холбогдуулан аюулгүй байдлыг хангах, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, бодит дадлага сургуулийг үзүүлж туршлага хуримтлуулах нь чухал юм. Өнөөдрийн дадлага сургууль худалдаа үйлчилгээний томоохон барилга, байгууламжид гарсан гал түймрийг унтраах арга зүй, Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын харилцан ажиллагааг бэхжүүлж, алба хаагчдын сэтгэлзүй, бие бялдар, тэсвэр хатуужил, аюулгүй ажиллагааг сайжруулах, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй хайгуул хийх, гэнэтийн ослын үед аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангахад туршлага хуримтлуулсан ач холбогдолтой дадлага сургууль боллоо.

Дадлага сургуульд НОБГ, Аврах анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс, “Улаанбаатар принт ХХК”-ийн ажилчид оролцлоо.
АДМИН








Нийгэм




