Сайд Х.Болорчулуун гурилын үнийн талаар өгүүлбэртэй бодлого зохиож, өөрөө тэрэндээ өнхөрлөө. Тэр ингэж ярьсан. “Монголд гурил Оросоос үнэтэй. Орос гурил дэлхийгээс үнэтэй”
За байз, юу гэж ойлгох уу? Монголд гурил дэлхийд хамгийн үнэтэй ч биш юм байна. Монголд гурил дэлхийд байхгүй үнэтэй юм байна.
Мунгинаж будлих, муурч ээрэх хэнд ч тохиолдог зүйл боловч энэ хүн Монголд дэлхийн хамгийн хямдхан гурил иддэг гэж өмнө нь тоглосон шинжгүй, тун чиг нухацтайгаар хэлж байсан удаатай.
Ер нь гурилын үйлдвэрүүд гурилдахдаа сурцтай юм байна. Нүүр өгөхөөр бөгс өгч, нүглийн нүдийг гурилаар хуурахдаа сүрхий юм байна. Хөнгөлөлтэй зээл авч, хүүгийнх нь 14 хувийг татвар төлөгч Та биднээр төлүүлэхдээ хүлээсэн үүргээ бол мартаад гурилддаг юм байна. Та бид таваг цуйван сэгсрэхдээ талыг нь аль хэдийнээ тавхан гэр бүлд сэгсрүүлчихдэг юм байна. Гурилын зах зээлийн 70 хувийг ХААН банкны Ц.Баатарсайханы “Улаанбаатар гурил”, төрсөн дүү Ц.Отгонбаатарынх нь “Од” групп базаж, 45,5 тэрбумын хөнгөлөлттэй зээл авсан. Женко Х.Баттулгын шууд хамаарлын “Милл хаус” 24,6 тэрбум, яагаав нөгөө 2017 оны сонгуулийн үеэр сонгогчдод тараах мөнгө зөөж яваад баригдсан ч сураг алдарсан машиныг эзэмшдэг компани. “Өег гурил”-ын А.Батсуурь гэгч 59 тэрбумын хөнгөлөлттэй зээл авч өег нинжин сэтгэл гаргасан хүн аятай гурилын мөнгөөрөө гуя нь цагаарчихсан УИХ-ын сонгуульд горилж яваа юм байна.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунд “Дорнод гурил” 10,5 тэрбумын хөнгөлөлттэй зээл авсан байна шүү гэж хэлэх гэхээр өөрийнх нь байгуулсан, өөрийнх нь дүүгийн компани байсан тул өөр хэнд хандахаа мэдэхгүй байна.
“Алтан тариа”-гийн П.Цэнгүүн улсын гурилын үйлдвэрийг 600 сая төгрөгөөр хувьчилж авчихаад Та нар үнэ өсгөлөө гэж торговол Та нарыг үнээ өсгөөд торгоно гүү гэж айлган цэнгэдэг хүн юм байна.
Засгийн газраас импортын гурил, тэжээлийг татварыг тэглэж, үйлдвэрүүд үүргээ биелүүлнэ гэж найдах биш өрсөлдөөний замаар үнэ буулгах хууль өргөн бариад байна. Үнэндээ Орос гурил дэлхийгээс хямдхан л юм байна лээ л дээ.
АДМИН








Нийгэм




