Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлага ТВ-гээр цацагдахаасаа ч өмнө тэнгис далайг гаталсан, тив дэлхийг тойрсон хэл ам тарилаа. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Оюун-Эрдэнэ. Өөртөө дурласан эргүү дагз. Бэлдсэн ярилцлага нь 14 телевиз. 15 удаа.” гэх жиргээ, постоороо трэйлер рекламыг нь хийж өгөв. Энэ бол хүзүү богино, дагз том гэх мэт хүний биеийн хэлбэр төрхийн талаарх хөнгөн нимгэн хэрүүл биш.
Л.Оюун-Эрдэнэ С.Зоригийн амийг 26 жилийн өмнө хороосон хэрэг мөрдөн шалгах бүлгийг 6 удаа тараасан, Т.Чимгээ, Э.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж ял тохсон, Эрдэнэтийн 49 хувийг төрийн мөнгөөр авсан, сахал Д.Эрдэнэбилэг нарын хэрэг 7 жил сунжирсан зэрэг олон жилийн үйл явцын захиалагч, хонгилын эзнээр Ц.Элбэгдоржийг зарласан юм. Ц.Элбэгдорж Х.Баттулгад тамга өгөхдөө ч юм уу, архи ууж суухдаа ч юм уу С.Зоригийг хороосон хэргийг л бүү сөхөөрэй гэж аминчлан захисан гэлээ. Х.Баттулга үүнийг батлах эсэх хүлээлт ч дагаад үүслээ.
С.Зориг амь насаа алдсан цаг үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлүүдийг ил болгож, энэ аллага хэнд ашигтай байсан бэ гэдэг асуултын хариулт тойрсон анхаарал босч ирлээ.
Монголын улс төрийн сонгуульд, С.Зориг, Эрдэнэт үйлдвэр гэсэн хоёр мөнхийн хөзөр байсаар байна. Ярилцлагыг 15 ТВ-ээр цувуулан цацах өтгөрч илүүдсэн давтамж, өнгөтэй өнгөгүй зураг, дүрс, монтаж эвлүүлэг зэрэг хэлбэр маяг нь үндсэн агуулгаас анхаарал холдуулж байгаа ч энэ сэдэв сонгуулиар хөвөрсөн гол асуудал болно.
АДМИН








Нийгэм




