Өнгөрөгч долоо хоногийн Баасан гарагт буюу 3-р сарын 29-ний өдөр Төв аймгийн замд зорчигч тээврийн автобус ачааны автомашинтай мөргөлдөж 40 хүн осолдсон ноцтой автозамын осол гарсан. Тус ослын үеэр 2 иргэн амь насаа алдаж 37 иргэн эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн юм.
Яаралтай тусламжийг Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнууд үзүүлсэн бөгөөд биеийн байдал хүндэрсэн 9 иргэн ГССҮТ-д хүргэгдэж 2 иргэний биеийн байдал маш хүнд учир тээвэрлэх боломжгүй хэмээн Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан 2 иргэний нэг нь өвчнөө даалгүй нас барсан харамсалтай үйл явдал болжээ. Нөгөө иргэнийг ГССҮТ-д хүргэн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Тухайн иргэдийн биеийн байдлын талаар ГССҮТ-өөс тодруулахад
"ГССҮТ-д хүргэгдсэн 9 хүний 4 нь эмчийн зөвлөгөө аваад буцсан бол 5 хүн тасгуудад хэвтэн эмчлүүлж байна.
Эрчимт эмчилгээний тасагт одоогоор 2 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол Төв аймгаас хүргэгдэн ирсэн иргэний биеийн байдал маш хүнд байна. Бусад иргэдийн биеийн байдал хэвийн тогтвортой байна. Мөн тухайн үед осолд орсон бусад иргэдэд амбулаторийн тусламж үзүүлэн буцаасан хэдий ч өнөөдрийн байдлаар дахин нарийн шинжилгээ, үзлэг хийхээр болсон" гэх мэдээллийг өглөө.
АДМИН








Нийгэм




