Өмнөговь аймгийн Даланзадгад Дулааны цахилгаан станцад өчигдөр гэмтэл гарч 0 зогсолт хийсэн. Тухайн үед засварын бригад шуурхай арга хэмжээ авч ажиллан өчигдөр 22:00 цагт хэвийн горимд шилжүүлсэн билээ.
Энэ талаар аймгийн Засаг дарга Р.Сэддоржоос тодруулахад "Өнөө өглөө Эрчим хүчний яамнаас мэргэжилтнүүд ирээд ажиллаж байна. Одоо станцын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа" гэв.
Ингээд Даланзадгад Дулааны цахилгаан станцын гүйцэтгэх захирал Б.Эрдэнэтөгстэй холбогдож тодрууллаа.
-Өчигдөр гарсан осол юуны улмаас гарсан юм бол?
-Сүртэй ч осол гарч сүйд болсон зүйл байхгүй. Станцын тоноглол явцуудуухан, сэлбэг материал, нөөц багатай. Ганц ганц тоноглолууд байдаг. Нэг тоноглол гэмтэхээр нөөц тоноглолоо явуулаад станцаа засна гэсэн ойлголт тун бүрхэг. Өчигдөр конденсаторын цуглуулгын банк жаахан даралтад ороод багахан хэмжээний дэлбэрэлт гарсан.
-Тэрхүү ослын улмаас ажилтнууд бэртэж гэмтсэн зүйл бий юу?
-Түүний нөлөөгөөр ажилчид гэмтэж бэртсэн зүйлгүй. Ямар ч байсан жаахан тоноглолууд гэмтсэн. Гэхдээ шугам хоолой, үндсэн тоноглолдоо гэмтэл учраагүй. Шугам хоолой, сүлжээ халаагч гэсэн жижиг тоноглолууддаа л гэмтэл учирсан. 1-ний өдрийн 04:10 цагийн үед энэ гэмтэл гарсан. Үүнээс хойш гэмтлийг устгах ажиллагаа явагдаад, гэмтлээ ирүүлээд нүдэнд ил харагдах хэсгийг нь устгаад, өчигдөр хэвийн горимд нь шилжүүлсэн. Өнөөдөр усан шахалт хийгээд, илт мэдэгдэхгүй гэмтлүүдээ тодорхойлоод дуусгах байх. Тийм төлөвлөгөөтэй явж байна. Бид гэмтлийг шуурхай устгахаар 24 цаг тасралтгүй ажиллаж байна. Ямар ч байсан 48 цагтаа багтаагаад, хэвийн ажиллагаанд оруулна.
-Засаг дарга хэлэхдээ Эрчим хүчний яамнаас мэргэжилтнүүд очсон байгаа гэсэн. Хамтран ажиллаж байна уу?
-Шалгалт хийж байгаа. Гэмтлийг юунаас болж үүссэн бэ гэдгийг мэргэжлийн зүгээс тодорхойлох үүрэг чиглэлтэй. Мөн заавар зөвлөгөө өгөх, гэмтлийг засварлахад чиглүүлэх, хяналт шалгалт хийх баг ирсэн байна.
С.ОТГОНБАЯР
АДМИН








Нийгэм




