Dark Light
Нийгэм | 2024-06-12

21 настай охин нас барсан хэргийн мөрөөр...

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тавдугаар сарын 4-ний өдөр 21 настай охиныг найз залуу гэх хүн нь машинаар дайрч улмаар эмнэлэгт хандалгүй цаг алдаж, гэртээ нэг хонуулаад маргааш нь ГССҮТ-д хэвтүүлсэн байдаг. Охин найман удаа хагалгаанд орж ходоод, шулуун гэдсээ тайруулж, элэг бяцралттай учир талыг нь авч, бүдүүн шулуун гэдсийг шууд холбож мэс засал хийх гээд олон эмчилгээ, хагалгаа хийлгэсэн ч тавдугаар сарын 25-ны өдөр нас барсан хэрэг гарсан. Уг хэргийн талаар сурвалжиллаа. 

Түүний найз залуу гэх 25 настай иргэн нэгэн авто засварын төвд механикчаар ажилладаг. Ингээд түүний ажилладаг газрыг эрэн хайлаа. Хотын захын нэгэн дүүрэгт олон автозасварын төв эгнээтэй байх бөгөөд уг хүний талаар асуусаар ажилладаг газрыг нь оллоо. Цуг ажилладаг хүнээс нь тэр хүний талаар цөөн хэдэн асуултад харилт авсан юм.

-Юу хийдэг байсан юм бол?

-Б 25 настай. Манай засварын төвд механикч хийдэг. 

-Ажилдаа хэр хариуцлагатай, зан төлөв ямар хүн бэ?

-Өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийчихдэг. Өөрийн биш ажлаа ч өөрийн юм шиг хийдэг. Цаг баримтална. Ганц гэм нь залуу хүний хэтэрхий давлиун зантай. 

-Энд ажиллаад хэр удаж байна вэ?

-Түрүү жил наадмаар орсон. Яг нэг жил болох гэж байна. 

-Нутаг ус хаанахын хүн юм бол?

-Баянхонгор аймгийнх гэсэн. 

-Хэзээ хотод ирсэн талаар нь мэдэх үү?

-Надад ярьснаар бага байхад нь аав нас барсан. Ээжтэйгээ хоёулаа өссөн айлын ганц хүү. Хамаатан садан гээд байх хүнгүй. Ээж нь гурван жилийн өмнө нас барж, 49 хоногийг нь дуусгаад л хотод ирсэн гэнэ лээ. 

-Мэдээж хамт ажилладаг хүмүүс нэг жилийн хугацаанд хамт олноороо наргиж цэнгэх үе байсан байх. Ууж идэхээрээ хэр ааш зантай хүн бэ?

-Би энд нягтлан хийдэг. Энэ олон архайсан залуустай ууж идээд байдаггүй. Уусан үеийг нь харж байгаагүй болохоор мэдэхгүй юм. 

Цуг ажилладаг нягтлан хэмээх 30 гаруй насны эмэгтэй ийн ярьсан юм. Ингээд цуг ажилладаг нэгэн хамтран ажилтнаар тэдний гэрийг заалгалаа. Хотын хойд хэсэгт гэр хорооллын өгсүүр гудамж руу эргээд орчихлоо. Дээш ч нэлээд өгсөв. Охины найзтайгаа ярьсан харилцан яриан дээр “Тэднийхээс дөнгөж гараад доош бууж байхад бродюр дээр сууж байхад нь машинаараа мөргөсөн. Хэрэлдээд явлаа гээд ноцолдож байхад утас далан руу унасан байх” хэмээн ярьсан байдаг. Охины ар гэрийн мэдээллээр хэрэг үйлдсэн газрын камерын бичлэг олдсон. Ингээд хэрэгт холбогдогчийн гэрийн гадаа ирлээ. Гэр хорооллын нэгэн тахиралдсан гудамжны үзүүр хэсэгт цэнхэр өнгөөр хашааны том хаалгаа будсан дотроо нэг байшин, нэг гэртэй хашаа байх аж. Тэднийхээс дөнгөж гараад үүдэнд нь дэлгүүртэй. Дэлгүүрийн камер хоёр талдаа бүхнийг бичиж авах боломжтой юм. Тойруулаад цутгасан суурь нь дэлгүүрээсээ илүү гарчихсан түүн дээр нь охин сууж байсан байх магадлалтай юм. Түүнээс жаахан уруудаад худаг байх аж. Худгийн машин гарах хэсэг мөн суурь цутгалттай. Харин охины утас унасан байх магадлалтай далан хажууд нь байлаа. Угтаа бол үерийн далан авч тэр хавийнхан хогоо хаясаар хогоор дүүрчээ. Мөн л хоёр талд нь гудамжны хяналтын камер байрлуулжээ. Энэ хэсэг мөн л хяналтын камерт өртөх хэсэг юм байна. Тиймээс энэхүү худгийн суурин дээр охин сууж байсан байж ч болох гэсэн таамгийг дэвшүүлсэн юм. 

Хэргийн хохирогч Г.Ч 21 настай. 2003 онд Дорнод аймагт төрсөн. Аав, ээж, эгчийн хамт амьдардаг байжээ. Дорнод аймагтаа ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд 2021 онд хотод ирсэн байна. Аав нь элэгний хорт хавдар гэх хүнд өвчнөөр оношлогдон эмчлүүлж, охин хотод ажил хийн аавынхаа эмчилгээний төлбөр, эм тариаг залгуулах болжээ. Гэвч өнгөрсөн оны аравдугаар сард ээж нь автомашины осолд орж хөлөө хугалснаар охин бүр илүү ажиллах болсон байна. Гэвч сүүлийн нэг сар үерхсэн гэх уг залуутай танилцсанаас хойш дотны гэх найз нөхөдтэйгөө уулзахгүй зугтаж, гэр бүл найз нөхдөдөө найз залуугийнхаа талаар огт яриагүй байна. 

Цагдаагийн байгууллагад өдөрт дунджаар 2000-гаад дуудлага ирдэг. Харин хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл өдөрт 60-70 бүртгэгддэг. Үүнээс хүчирхийлэгч хаанаас төрдөг вэ асуулт урган гарч ирлээ. 

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх газрын Түр хамгаалах байрны сэтгэлзүйч Ж.Батсүрэнтэй ярилцлаа. 

-Хүчирхийлэгч яаж төрдөг вэ?

-Тодорхой төрлийн зан төлөвийн эмгэгүүд байдаг. Гэр бүлийн хүчирхийллийн хамгийн хүнд хэлбэр нь хардалт. Улам л ургуулж бодоод байдаг. Үүнийг өөрчлөхийн тулд сэтгэл заслын эмчилгээ, сэтгэл заслын үйлчилгээнд хамрагдаж байж зан үйлийн, сэтгэл зүйн эмгэгээ өөрчлөх боломжтой. Яагаад хүчирхийлэгч төрөөд байна вэ гэхээр хувь хүний өөрийнх нь харилцаа, хүмүүжлээрээ бие биеэ хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэсэн үг. 

-Хүчирхийлэлд өртөөд байгаагаа хүн яаж мэдэх вэ? 

-Нөгөө хүнээ ороод ирэхэд ямар нэгэн байдлаар цочих айх, мэгдэх, сандрах гэх мэт зүйл ажигдаж байна уу. Согтуу ирэх болов уу, ингээд сууж байхад ороод ирвэл яах вэ гэх мэтээр анхан шатны айдас түгшүүрт өртөөд байна гэдэг нь та гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд байна гэсэн үг. 

-Хүчирхийлэлд өртсөн үедээ хаана хандах вэ?

-Мэдээж цагдаагийн байгууллагын 102 дугаарт хандана. Мөн сэтгэл зүйн асуудал, тусламж хүсвэл Улаанбаатар хотод дүүрэг болгонд Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар бий. Тэнд хандаж сэтгэл зүйн зөвлөгөө авч болно. Сэтгэлзүйч нар ажилладаг. Мөн 106 тусгай дугаарт хандаж сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой. 

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа шалтгаан нь юу байна вэ?

-Шалтгаан нөхцөлийн хувьд хамтран амьдрагч, гэр бүлийн хоёр зан харилцааны хувьд бие биеэ давж гарах гэх мэт байдлаар харилцаа нь маш их зөрчилтэй байна. Хэн нэгэн нь буулт хийх чадваргүй. Нэгнээ хүлээн зөвшөөрдөггүй. Бие биеэсээ өрсөх гэсэн, давах гэсэн хандлагатай байна. Хүмүүс ихэвчлэн архинаас болсон гээд байдаг. Гэтэл хоёр хүн бие биедээ хандах хандлага, харилцаанаас үүссэн зөрчлөө харилцан ойлголцож, буулт хийх чадваргүй байна. Манай монголчуудын хүмүүжүүлэх арга барилд нь тийм зүйл байх шиг байгаа юм. Хүнээс дутаахгүй гэсэн, илүү байлгах гэсэн хандлага нь хүүхдээ буулт хийдэггүй, буруугаа ухаардаггүй, ярилцах боломж өгөхгүй өсгөөд байна уу даа гэж ажиглагддаг. Хуулиараа гэр бүлийн хүчирхийллийг дөрвөн төрөлд авч үзээд байгаа. Бие махбодийн, сэтгэл санаа, эдийн засгийн, бэлгийн гээд. Тэгвэл гэр бүлийн хүчирхийлэлд дан ганцаараа нэг нь давамгайлдаг гэж байхгүй. Бүгд л зэрэг явж байдаг. 

-Жилд дунджаар танай Түр хамгаалах байр хэдэн хүнд үйлчилж байна вэ?

-Түр хамгаалах байрыг 2014 онд Хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр байгуулсан. Тэр цагаас хойш тогтсон тоогоор 300 гаруй гэр бүлийн 200 гаруй иргэнийг хамгаалалтад авсан байна. Жилд дунджаар 200 гаруй насанд хүрсэн иргэн манайхаар үйлчлүүлдэг. 

-300 гаруй гэр бүлийн 200 гаруй иргэн гэхээр тэдгээр хүмүүс байнга ханддаг хэрэг үү. Тогтмол ирдэг шиг ойлгогдлоо?

-Давтаж ирэх тохиолдол байна. Гэхдээ байнга гэж ойлгож болохгүй. Жилд дунджаар тэр тооны иргэдэд л үйлчилдэг гэсэн үг. Энэ оны эхний 5 сарын байдлаар л гэхэд манайд 51 гэр бүлийн 120 орчим иргэн үйлчлүүлсэн байна. 1-90 хүртэлх хоног хуулиараа хамгаалдаг. 

-Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл ямар үед хамгийн их байдаг вэ?

-Томоохон тэмдэглэлт баяр шинэ жил, цагаан сар, наадам, хүүхдийн баяр гэх мэт үед хамгийн их дуудлага, мэдээлэл өсдөг. Архидалт ихсэхээр гэр бүлийн хүчирхийлэл урвуу хамааралтай өсөөд байна гэж ойлгож болно. 

ЦЕГ-ын газрын дэргэдэх Түр хамгаалах зургаан байранд 2023 онд 309 насанд хүрсэн хүн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болон үйлчлүүлжээ. Үүн дундаас хамгийн олон нь нэг жилд 81 удаа үйлчлүүлсэн бол найман хүүхдээ дагуулан хамгаалуулсан эмэгтэй ч байгаа юм. 

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирогч болохгүйн тулд эмэгтэйчүүд, хүүхдүүд энэ талын мэдлэг мэдээлэлтэй байх, хүн бүр дор бүрнээ хамгаалагч байж дуудлага мэдээлэл өгдөг байх шаардлага үүсжээ. 

Хохирогч Г.Ч-г тэр үед харсан хүмүүс дуудлага мэдээлэл өгсөн бол өнөөдөр тэрбээр амьд сэрүүн аав ээжийнхээ хажууд сууж байх ч байсан юм бил үү. Түүний авга эгч А.Туяацэцэг дүүгийнхээ хойдохын ажлыг хийгээд хотод иржээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа. 

-Та хэзээ хотод ирэв?

-Тавдугаар сарын 31-ний өдөр дүүгээ нутаглуулсан. Бидэнд хандив өгсөн бүх хүмүүстээ баярлалаа. Хандивын дансаа хаасан байгаа. Би дүүгийнхээ ажил явдлыг дуусгаад зургаадугаар сарын 3-ны өдөр хотод ирсэн. Одоо дүүд минь цугласан хандивын мөнгөний үлдэгдлээр дүүгийнхээ хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн төлөө явах болно. 

-Хэргийн мөрдөгчтэй холбогдсон уу?

-Биднийг дүүгийнхээ шарилыг ачаад нутагтаа очсоны дараа хэргийн холбогдогчийг барьж хорьсон гэж ярьсан. Хотод ирээд холбогдоход шүүх шинжилгээний хариу гарсан, камерын бичлэг олдсон гэсэн. Одоо цагдаа руугаа очно.

Хэргийн газрын бичлэг олдсон бөгөөд шүүх шинжилгээний хариу гарчээ. Бид энэ талаарх мэдээллийг эргэн сурвалжлах болно.  

С.ОТГОНБАЯР

НЭВТРҮҮЛЭГ ҮЗЭХ:

https://www.facebook.com/watch/?v=1462582117716791

СУРВАЛЖИЛГА ҮЗЭХ: 

https://www.facebook.com/watch/?v=1415416895844023


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10