Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, БНХАУ дахь Монгол оюутны нэгдсэн холбоотой хамтран “БНХАУ дахь оюутны өдөрлөг-2024”-ийг 2024 оны зургаадугаар сарын 10-ны өдөр ЭСЯ-ны Соёл, мэдээллийн төвд зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээнд БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Шанхай зэрэг хотуудын их сургуульд суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөл ирж оролцсон юм.
Арга хэмжээг нээж, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал үг хэлсэн бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ, өдгөө БНХАУ-д суралцах Монгол оюутан залуусын тоо нэмэгдэж, эдгээр оюутан залуус хоёр улсын хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэж байна. БНХАУ эрчимтэй хөгжиж байгаа энэ цаг үед оюутан залуус та бүхэн үүнийг боломж болгон их зүйл суралцаж, хоёр улсын хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсэв.
Арга хэмжээний үеэр БНХАУ дахь Монгол оюутны нэгдсэн холбооноос Монгол, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-д суралцаж буй нийт монгол оюутнуудын дунд зохион байгуулсан “Гар зургийн уралдаан", "Зохион бичлэгийн уралдаан"-ы шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулж, Элчин сайд Т.Бадрал шилдгээр шалгарсан оюутнуудад шагналыг гардуулав.
Мөн арга хэмжээний үеэр БНХАУ дахь Монгол оюутны нэгдсэн холбоо танилцуулга хийж, БНХАУ-д суралцаж буй зарим оюутан залуус хэрхэн сурагч солилцоонд хамрагдах, БНХАУ-д компьютерын шинжлэх ухаан мэргэжлээр суралцах нь, БНХАУ-ын их, дээд сургуульд юу сурсан бэ? зэрэг сэдвийн хүрээнд туршлага хуваалцаж, Бээжингийн технологийн их сургуулийн оюутнууд монгол бүжгийн үзүүлбэр үзүүлж, морин хуурын ая тоглож сонирхуулав.
Арга хэмжээний төгсгөлд хүрэлцэн ирж оролцсон оюутнууд тус ЭСЯ-ны дэд тэргүүн бөгөөд Элчин зөвлөх Л.Мөнхтүшигтэй уулзан чөлөөт ярилцлага хийж, санал солилцсоноос гадна ЭСЯ-тай танилцсан болно.
АДМИН








Нийгэм






