Dark Light
Нийгэм | 2024-06-21

Хүйтэн бороо үргэлжлэн орно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УОК-оос цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү: Сүүлийн өдрүүдэд нийт нутаг дэвсгэрт цаг агаарын аюулт үзэгдэл ажиглагдаж, Төвийн болон Зүүн аймгуудын нутгаар үргэлжлэн хүйтэн бороо, нойтон цас орох төлөвтэй байна. Цаг уурын байгууллагын мэдээгээр өчигдрийн 20:00 цагаас өнөө өглөөний 08:00 цаг хүртэл нийтдээ Баруун аймгуудын нутгийн төв, зүүн болон Төвийн аймгуудын ихэнх нутаг, Говийн аймгуудын хойд, зүүн хойд хэсгээр 0-0.6 мм  орчим аадар бороо орсон. Хоногийн нийт хур тунадсаар нь авч үзвэл Булган, Төв аймгийн нутгаар хамгийн их буюу 45-60 мм, Улаанбаатар хот орчмоор 29-34 мм хур тунадас орж, өнөөдөр үргэлжлэн цаг агаарын аюулт үзэгдэл ажиглагдаж байна. Цаашид энэ аюулт үзэгдэл Төвийн болон Зүүн аймгуудын нутгаар үргэлжлэхээр байна. 

Энэхүү аюулт үзэгдлээс болж үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэе. Үер усны ослоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ шуурхай зохион байгуулах Шуурхай штабуудыг тавдугаар сараас эхлээд байгуулан ажилласан. Улсын хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай штаб, 21 аймаг, нийслэл, дүүргүүдийн шуурхай штабуудыг ажиллуулж, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Мөн Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар нийслэлийн хэмжээнд гамшгийн улбар шар түвшинд шилжүүлэн холбогдох арга хэмжээг авч буй. ОБЕГ-ын Шуурхай штабаас төв орон нутгийн шуурхай штабуудтай тогтмол холбогдон үүрэг чиглэлээр ханган ажиллаж байна. 

Өчигдрөөс эхэлсэн борооны улмаас Орхон, Дархан-Уул аймагт айлын гэр хашаанд ус орлоо гэсэн дуудлага мэдээллийн дагуу Онцгой байдлын байгууллага холбогдох мэргэжилтнүүд ажиллаж аюулгүй болгосон. Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 300 орчим хонь ноосолсны улмаас осгосон гэсэн мэдээлэл урьдчилсан байдлаар ирээд байна. 

Нийслэлийн хувьд өнгөрсөн шөнө 7 дуудлага мэдээллийн дагуу ажилласан. Өнөөдрийн хувьд 08:00-14:00 цагт нийт 24 дуудлага мэдээллээр ажиллалаа. Айлын гэр хашаанд ус орсон, автозамын байгууламж усанд автсан. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд их хэмжээний ус тогтсон 21 байршил байна. 7 байршилд ус соруулах арга хэмжээг авч байна. Голын үерийн түвшин нэмэгдэж байгаатай холбоотойгоор Дунд голд 2 газар сэтэлгээ хийж байна. Усны урсцыг сайжруулах арга хэмжээг Геодез зураг зүйн газар, Усны газар зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Өнөөдрийн 11:00 цагт СБД-ийн 17 дугаар хороо Дамбадаржаа орчимд айлын гэр хашаа усанд автсан. Түүнийг аюулгүй болгосон. Өдрийн цагаар аав ээж нь эзгүй ажилтай, усанд автсан газруудад бага насны хүүхдүүд байсан учраас Түр хорогдох байр руу шилжүүлсэн. Зургаадугаар сарын 21-ний өдрийн 12:00 цагийн байдлаар Тэрэлж рүү усны түвшин өмнөх өдрөөс 30 см, Туул гол, Босгын гүүр орчимд 58 см, Сэлбэ гол, Санзай орчимд 18 см нэмэгдэж, үерийн түвшнийг даван үерлэж байна. Туул гол Зайсан орчимд 51 см, Сэлбэ гол Дамбадаржаагийн гүүр орчимд 18 см, Улиастайд 19 см нэмэгджээ. Төвийн бүсийн ихэнх нутгаар 12 цагаас дээш бороо үргэлжлэн орсон. Хөдөө орон нутагт ноосолсон хонь, мал осгох эрсдэлтэй байна. Газар тариалангийн бүс нутгаар хүйтэн бороо орж буй учир ургац алдах эрсдэл үүсээд байна. Улаанбаатарт бороо үргэлжлэн цас болсон. Зуслангийн бүсүүд, Зүүн аймгуудын нутгаар хүчтэй бороо нь цас болж хүйтрэх төлөвтэй байна. 

Иймээс автозам дээр гулгаа үүсэх эрсдэлтэй нөхцөл байдал үүсжээ. Өнөөдөр, маргаашдаа ард иргэд холын замд гарахгүй байх, техник хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малд явуулахгүй байх, анхаарал болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна. 

ЦУОШГ-ын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг: Өчигдөр манай байгууллагаас гаргасан мэдээллээр өнгөрсөн шөнө Булган аймгийн нутгаар хүйтэн бороо, Төв, Сэлэнгэ аймгийн нутгаар их борооны цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах нөхцөл бүрдсэн байна гэж анхааруулж байсан. Энэ процесс өнөөдөртөө Төв болон Сэлэнгэ аймгийн нутгаар үргэлжилнэ. 14:00 цагийн байдлаар нутгийн Зүүн хагаст бороо үргэлжлэн орсоор байна. Говь, тал хээр нутгаар нэлээд хүчтэй салхи шуурга, шороон шуургатай байна. Зарим үед Дорноговь, Дундговь аймгийн нутгаар 28-31 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурч байна. Их борооны аюулт үзэгдэл ажиглагдсан учраас манай байгууллагаас сэрэмжлүүлэг мэдээлэл зарлаж байна. Өнөө шөнө Сэлэнгэ аймгийн зүүн хэсгээр бороо үргэлжлэн орно. 22-ндоо үргэлжлэн ороод, 23-ндаа зүүн урагш гарах урьдчилсан мэдээлэл гараад байна. Өнөө шөнө Хэнтийн уулархаг нутгаараа нойтон цас орно. Агаарын температур нэг оронтой тоо руу орно. Салхины хурд ихэснэ. Бороо 8-12 цаг үргэлжлэн орж хүйтэн бороо орох нөхцөл бүрдсэн. Иймээс ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжлүүлж байна. 

С.ОТГОНБАЯР


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10