Dark Light
Нийгэм | 2024-11-12

УИХ-ын дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөг дэмжлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн долоо хоногт өргөн мэдүүлсэн “УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2024.11.12/-ийн хуралдаанаар хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “Улсын Их Хурал өөрийн стратеги төлөвлөгөөг баталж хэрэгжүүлнэ” хэмээн заасны дагуу УИХ-ын даргын 2024 оны 71 дүгээр захирамжаар уг тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулан байгуулсан юм. 

Ажлын хэсэг Олон улсын парламентын холбоо, бусад орны сайн туршлага, УИХ-ын 2019-2024 стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн үнэлгээ, УИХ-ын үйл ажиллагааны талаарх олон нийтийн санаа бодлын судалгааны дүн, эрдэмтэн судлаачидтай хийсэн хоёр удаагийн хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг судлан үзэж УИХ-ын ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөг боловсруулжээ.

Энэ удаагийн стратеги төлөвлөгөөний гол онцлог нь УИХ-ын бүх үйл ажиллагаа “хүн төвтэй парламент” гэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэж байна. Уг стратеги төлөвлөгөөнд 5 зорилго, 17 зорилтыг дэвшүүлсэн бөгөөд стратеги төлөвлөгөөг боловсруулахад УИХ дахь таван нам, эвслийн төлөөлөл оролцсон ажээ. 

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт УИХ-ын өмнөх стратеги төлөвлөгөөнөөс ялгагдах онцлог, давуу тал, УИХ-ын гишүүн С.Зулпхар стратеги төлөвлөгөөний шалгуур үзүүлэлт, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хүний эрх, О.Номинчимэг  хяналтын механизм, гишүүдийн хариуцлагын асуудлыг хэрхэн тусгасан талаар ажлын хэсгээс тодрууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10